Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо




Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25574 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2.8 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1000 үйлдэл бүртгэгдсэн нь 2.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг нь олж тогтоох, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон халамжийн төвд хүлээлгэн өгөх, эрх зүйн тусламж үзүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг  энэ сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна. Арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж тогтоон гарын хээг санд бүртгэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сүрьеэгийн тандалт шинжилгээнд хамруулсан. Мөн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах зорилгоор архины эмчилгээнд 61 хүн, Нийгмийн хамгааллын тусгай төвд 152 хүн, Хан богд төрийн бус байгууллагад 10 хүн, Шинэ амьдрал төрийн бус байгууллагад 10 хүнийг тус тус хүлээлгэн өгсөн” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3381 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 100, зөрчлийн шинжтэй 922 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 100 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -17 хэм, шөнөдөө -26 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 204 дүгээр байрны 8 давхарын гадна фасатны дулаалга хийж байсан дүүжин шатны түгжээ мултарч 20-26 насны 4 иргэн унаж, 2 иргэн газар дээрээ нас барж, 2 иргэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэх замд нас барсан. Налайх дүүргийн 3 дугаар хороонд энэ сарын 14-ны өдөр иргэн Д.Эрдэнэцогтын бичил уурхайн налуу амны 140 метрийн гүнд нуралт үүсч хувиараа нүүрс олборлогч 4 иргэн нүүрсэнд дарагдсан дуудлагаар Уул уурхай аврах ангийн 20 алба хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж 30-45 насны 4 иргэнийг эсэн мэнд гарган дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд шилжүүлэн өгсөн. Мөн дүүргийн 3-р хороонд иргэн Д.Батболдын бичил уурхайн налуу амны 125 метрийн гүнд нуралт үүсч хувиараа нүүрс олборлогч 2 иргэн нүүрсэнд дарагдсан дуудлагаар Уул уурхай аврах ангийн 53 алба хаагч, 5 автомашинтайгаар ажиллаж 47, 28 настай 2 осолдогчийг гаргаж харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хүйтний улирал эхэлж, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа, сургалтыг гэр хорооллын айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулж, хяналт, шалгалт явуулж байна” гэж танилцууллаа.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Ирсэн өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчилийн хүрээнд нийт 281.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 151 улсын /ахлах/ байцаагч Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын их цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 2439 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг цас мөсний цэвэрлэгээнд хамруулж, 1239 мэдэгдэл тараан зөвөлгөө өгч, нийт 530929 м2талбайг цэвэрлүүлж, 624 зөрчлийг газар дээр нь арилгуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох нь зүйтэй байна” гээд Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг боловсруулж дараагийн долоо хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, өглөө оройн ачаалал ихтэй үед нийтийн тээврийн үйлчилгээний жигд үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, цаашид иргэд, олон нийтэд хүлээлт үүсгэхгүй байх чиглэлээр тодорхой санал боловсруулж танилцуулах, Нийтийн эзэмшилийн гудамж талбай болон авто зам, орон сууц, гэр хороолын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртлэх цас мөс цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ