Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчид Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын үйл ажиллагаатай танилцах албан уулзалт хийж байна. Уулзалтанд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгч Дэвид Жентри, Стивен Тернбүлл, Жэйсон Сакалэскас, Дик Эмэри болон Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонцэцэг Ч.Мөнхцоож нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Нямдаваа, Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх болон хяналтын инженерүүд оролцлоо.
Олон Улсын Валютын сангаас Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны норм дүрэм (тогтмол, төлөвлөгөөт болон их засвар), барилга угсралтын болон төсвийн норм дүрэм, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хяналт (үе шатны хяналт, зураг төсөл болон төсвийн өөрчлөлт) төсөл, арга хэмжээний санхүүжилтийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл авахыг хүссэн юм.
Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх ОУВС-ын төлөөлөгчдөд өгсөн мэдээллээрээ Монгол Улсын барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа баримт бичгийн жагсаалт болох “Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо”-ны албан ёсны мэдээллийг танилцуулсан юм. Мөн захиалагчийн хяналтын системд шинэ программ нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдал бүрэн хангагдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэхүү системд хандах, мэдээлэл авах эрхийг холбогдох яамдад өгсөн байгаа аж. Тиймээс Барилгын хяналтын системд холбогдох эрх бүхий этгээд барилгын үйл ажиллагааны зураг, явц, төсөвт өртөг, захиалагч, хугацаа, хяналтын инженерүүдийн тайлан мэдээлэл гээд ашиглалтад орох хүртлэх үйл явцыг хянах бүрэн боломжтой гэсэн үг. Энэ мэт Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсээс ОУВС-ын төлөөлөгчдөөс ирүүлж буй асуулгад холбогдох хууль тогтоомж, ажил үүргийнхээ чиглэл, хамрах хүрээгээ дэлгэрэнгүй танилцууллаа.
Дашрамд дурдахад Монгол Улс Олон Улсын Валютын сан /ОУВС/-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, санхүүгийн салбарт шинэчлэл хийхээр болсон билээ.