Дэлхий нийтэд хамгийн их гал гарсан тоглолтыг бий болгож, танхим дүүрэн хүн цуглуулж, шуугиан тарьдаг ганцхан спорт нь Сагсан бөмбөг. Нэг үе манай улсын хувьд томоохонд тооцогдох компаниудын цөөн хэдэн баг хоорондоо өрсөлдөн хүч үздэг байсан энэ уламжлалыг өнгөрсөн жилээс эвдэж 21 аймгийн дундахь Сагсан бөмбөгийн лигийг зохион байгуулж эхэлснээр хоёр дахь жилийн нүүрээ үдээд байгаа билээ. Эв хав авхаалж самбайгаа гайхуулсан залуучууд өнгөрөгч долоо хоногт Шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулж, ширүүн тулаан эхэлсэн өдрөөс өнөөг хүртэл хамгийн эрч хүч, авхаалж самбаатай байж чадсан оны шилдэг баг, шилдэг багийн эзнээ ёслол төгөлдөр тодруулсан байна. Энэ оны шилдэг багаар өнгөрсөн оны лигийн ялагч Архангай аймгийн баг болох Алтан дорнодын дайчид баг шилдгээр шалгарч, багийн эзэн болох Т.Ариунболд шилдэг багийн эзэн шагнал хүртжээ. Алтан дорнодын дайчид баг өнгөрсөн жилийн амжилтаа алдалгүй энэ улиралд нийт найман тоглолт хийсэн ба нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа юм. Багийн эзэн Т.Ариунболдын хувьд дан ганц Сагсан бөмбөг гэлтгүй спортын бүхий л төрөлд хүч үзэж буй тамирчдаа дэмжин дээлнийх нь захыг мушгиж суудаг эрхэм билээ.