ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэхээр болсон.
Энэ хууль нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжих байсан боловч хойшлуулж нэгдүгээр сарын 1 -нээс хэрэгжихээр болсон билээ. Үүнтэй холбогдуулж шатахуун түгээх станцууд үнээ нэмж байна.
Одоогийн байдлаар дизель түлш 1,720, АИ 76,80-1,480, АИ 92,93-1,630, АИ 95-1,820 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Шатахуун түгээх станцуудын үнэ өмнө нь харилцан адилгүй байсан.
Тухайлбал, зарим шатахуун түгээх станцад AИ-93,92-1,550 төгрөгөөр худалдаалж байхад, заримд нь 1,630 байх жишээтэй. Үүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Компаниудын тээвэрлэлтийн зардал өөр өөр байдаг. Тиймээс шатахууны үнийг жигд байлгах боломжгүй” хэмээн тайлбарласан. Сүүлийн өдрүүдэд арай хямд худалдаалж байсан шатахуун түгээх станцууд үнээ нэмж үнэтэй худалдаалдаг байсан шатахуун түгээх станцтай ижил болгосон.
Үүнд иргэд “Татварын сургаар үнээ нэмсэн” хэмээн эгдүүцэж байна. Харин холбогдох яамнаас мэдээлэхдээ “Онцгой албан татвар нэмэгдэж байгаа талаар холбогдох газрууд болон импортлогч компаниудад албан бичиг, мэдээллүүд хүргүүлсэн. Ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэхгүй. Үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж, компаниуд ч үнийг тогтвортой барьж байгаа. Хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ” гэсэн юм.
Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Эдгээр боомтоор оруулж ирэх Дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмнэ. Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болно.
Мөн Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензиний тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулна. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх боломжтой. Тухайлбал, АИ-80, АИ-92 автобензин дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0.5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гаргасан байдаг.
Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмнэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж өмнөх хэлэлцээрээр тогтсон байсан юм. Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал гаргаж Сангийн яам болон ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулах санал тавьсан. Үүний үр дүнд шатахууны онцгой албан татварын хэмжээг 30-100 мянган төгрөгөөр өөрчлөн тогтоосон байна.
Нийслэлийн статистикийн газраас шатахууны үнийн судалгаа явуулдаг. Уг судалгаанаас үзэхэд энэ оны эхээр шатахууны үнэ тогтвортой байсан бол гуравдугаар сард иргэдийн хамгийн их худалдан авдаг АИ 92 түлш 1,530 төгрөгөөс одоогийн үнэд хүрсэн байдаг. Шатахууны үнэ тогтвортой байлгаж, өсгөхгүй байлгах талаар төрөөс бодлого баримталж байгаа ч өсөхгүй гэсэн баталгаа байхгүйг олон нийт хэлж байна.