Парламентын засаглал. 1990 онд эрс өөрчлөлт хийх замаар зорьж байгуулсан нийгмийн маань нэг амин сүнс нь чөлөөт ардчилсан сонгууль, түүний үр дүнгээр байгуулагдах төрийн эрх барих дээд байгууллага-УИХ юм. Ард түмэн гөр, засгаа өөрсдийнхөө саналаар сонгох эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчмыг амилуулж; биежүүлж өгч буй загвар нь парламент. Тэднийг иргэд бид өөрсдөө сонгож, төрийн хууль шийдвэрийг батал гэж эрхийг нь өгдөг хэр нь "76 үмбүү" гэж хочлох нь энүүхэнд.
Улс орон хөгжихгүй байгаа гэх үнэлэлт, дүгнэлт өгч, үүний буруутнаар нь өнөөх 76-гаа тодруулж, өөд нар харуулахгүй муулж гоочлохын хэрээр парламентын засаглалын нэр хүнд унасаар ирэв.
Энэ уур бухимдал дээр дөрөөлж, засаглалын өөр хэлбэрийг уриалагчид суртал ухуулгаа явуулах нь бий ч тэрхүү санаархал тийм ч хол явдаггүй нь ард түмэн “парламентын засаглал”-ыг ардчиллын мэдрэмжээрээ хамгаалаад байдагтай холбоотой болов уу.
Харин энэ удаагийн парламентын үед нэр хүнд нь илтэд унаж байгаа нь иргэдийн бухимдал тэмцэлтэй гэхээс илүүтэй тэнд суугаа гишүүдийн өөрсдийнх нь бүтэлгүйтэлтэй шууд холбоотой. Нэр бүхий зарим гишүүдийн бохь зажилсан, боов идсэн, халамцуу байсан, буруу ярьсан зэрэг нь жижигхэн зүйл. Хамгийн гол нь хүний эрхийн мэдрэмжгүй, шударга ёсны үнэлэмжгүй, бодлогогүй байдал нь хаацайлахын аргагүй илэрхий зүйл болсонд учир нь бий.
ДОТУУР ХУВЦАСНЫ ШУУГИАН
Өнгөрсөн зунаас хойш дуулиан тарьсан УИХ-ын гишүүн Д.Гантулгын хормойн явдлууд, үүнтэй холбогдуулан төрийн ордноос хийсэн өөрийнх нь тайлбар, уг тайлбартай нь холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос гаргасан дүгнэлт зэрэг нь энэ удаагийн парламентын нэр хүнд унахад нөлөөлсөн. “Дотуур хувцсаа өмсөөд гарсан” гэх тайлбарыг Төрийн ордны мэдээллийн индрээс унагасан түүний ёс зүйг Дэд хороогоор хэлэлцээд “бичгээр тайлбар гаргаж өг” гэсэн ба эцсийн дүгнэлт нь гишүүн Д.Гантулгын өөрийнх нь тайлбарт шууд үндэслэсэн байв.
Түүний нэр холбогдсон хүчингийн хэргийн хохирогчийг өмгөөлж буй “Веритас Партнерс” хуулийн фирмийнхэн Ёс зүйн дэд хороонд гомдол гаргахдаа “Төрийн ордноос хувийн асуудлаараа мэдээлэл хийсэн" гэж буруутгасан байсан юм.
Харин үүний хариуд уг гишүүн тайлбар гаргахдаа “2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы танхимын үүдэнд тухай үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй", УИХ-ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.8,5.11 дэх заалттай нийцүүлэн гишүүний хууль ёсны эрх ашиг сонирхол нэр төрийг хамгаалан сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан болно" гэсэн байв.
Ёс зүйн дэд хороо тайлбар шаардсанаас хойш сарын дараа ийнхүү өөрийгөө өмгөөлснийг үндэс болгон Дэд хороо гомдол гаргагч талд түүнийг ёс зүйн зөрчил гаргаагүй гэх дүгнэлтээ уламжилсан.
НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ХААЛТТАЙ ТОМИЛГОО
Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн тушаалаар албанаас чөлөөлөгдсөн Б.Хурцыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д суух Элчин сайдад томилох саналыг УИХ-д оруулж ирсэн нь энэ өвлийн бас нэг дуулианыг дэгдээсэн юм. Авлигатай тэмцэх газрын дэд дарга, дараа нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан түүний томилгооны асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед зарим гишүүд хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг сөхсөн.
Хууль хүчний байгууллагууд өндөр албан тушаалтнуудыг томоохон хэрэгт холбон шалгадаг ч гэм буруутай эсэхийг тогтоохгүй уддаг. Ийм байдалд оруулж “дөнгөлдөг* гэх шүүмжлэлийг Б.Хурцад хаяглан хэлсэн бол хариуд нь тэрбээр УИХ-ын нэр бүхий гишүүдийн шалгагдаж байсан хэргүүдийн талаар урд өмнө дуулдаж байгаагүй баримтуудыг сөхсөн. Улмаар түүний томилгоог УИХ шийдвэрлэхийн өмнө Б.Хурц болон түүний удирдаж байсан хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гомдлоор нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэсэн гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын саналыг 21 гишүүн дэмжсэн.
Хуулийн дагуу томилгооны сонсголыг байнгын хороо зохион байгуулах ёстой ч АБГББХ, Сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг нарийвчилсан журам байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулж байсан ч энэ сарын 15-нд Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн 20 гаруй өргөдлийн мөрөөр зарим иргэдийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Тэгвэл нөгөө талд яг энэ үед нээлттэй хэлэлцүүлгийн үеэрх мэдээлэл, байр суурь, дүгнэлт зэргийг үл харгалзан чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Хурцыг Элчин сайдад томилох саналыг дэмжсэн юм.
Гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаарх ёс зүйн хорооны дүгнэлт ч тэр, Б.Хурцтай холбоотой хандлага ч тэр бүхэлдээ энэ УИХ ард түмнээсээ холдож, тэднийг сонсохоо больсныг харуулсан гэхэд болно. Уг нь ард түмнийг төлөөлөх үүрэгтэй байгууллага.
Цаашид парламент өөрөө өөрийгөө эмчлэхгүй бол нэг л өдөр иргэд тэднийг тараах тухай ярьтлаа бухимдах байх гэсэн бодол олон хүнд төрж байна. Гэвч тэр бухимдал гудамжинд биш хуулийн хүрээнд тэмцэл болж өрнөөсэй.
Яг ийм хүлээлттэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэц дээр өнгөрсөн долоо хоногт /12 сарын 20/ Их суудлын хуралдаан болж “УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал”-тай холбоотой заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ. Энэ бол эцсийн шийд бөгөөд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэх явцдаа нотлох баримттайгаа баригдаагүй л бол түүнийг хэрэгт сэжиглэн шалгах илүү түвэгтэй буюу хамгаалалтад орчихдог заалт хүчингүй болсон хэрэг юм. Эл маргааныг Үндсэн хуулийн Цэцэд тавьж шийдүүлсэн залуус нь “Веритас Партнерс” гэх хуулийн фирмийн хуульчид байв.
Мөн өчигдөр “Хос дэнс” Залуу хуульчдын холбооны тэргүүн А.Гантамир УИХ-ын гишүүн 0 Баасанхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдлээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр МАХН-ын Их хурал зохион байгуулсан нь хэд хэдэн хууль зөрчсөн" гээд "Төрийн гурван өндөрлөг хамтран явуулж байгаа тохиолдолд Төрийн ордны их танхимд хурал зохион байгуулдаг. УИХ-ын хувь гишүүн Төрийн ордонд амралтын өдөр хурал зохион байгуулсныг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хувийн зорилготой ашигласан гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хурал зохион байгуулах төсвийг нэр бүхий хүнээс хандиваар авсан гэж өөрөө мэдэгдсэн байдаг.
Энэ нь Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн нам хандиваар санхүүжиж болно. Ингэхдээ иргэнээс нэг сая хүртэл төгрөгийн хандив авах эрхтэй” гэж заасан байдгийг зөрчсөн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Энэчлэн улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын зүй бус үйлдэл, шударга бусын эсрэг тэмцэл хуучных шиг гудамжид биш хуулийн хүрээнд өрнөдөг шинэ жишээг эхэлж байна.
Олны таних иргэний хөдөлгөөний зүтгэлтнүүд гэгддэг С.Ганбаатар, О.Магнай, Ж.Батзандан, Г.Уянга нарын цаг үед тэмцэл гудамжинд уриа лоозон дунд өрнөдөг байсан бол өнөө цагийн залуус хуулийн хүрээнд гарц гаргалгаатай тэмцэж эхэлж байгаа нь түрүүчээсээ үр дүнд хүрч байна. Нэг үгээр бол тэмцэгчдийн популизм хийдэг үе дуусаж байна.