Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг авлига авсан хэргээр саатуулагдсан, хуулийн байгууллага түүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл оны өмнө гарсан. Гэвч энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хуулийн зөвлөх М.Цэнгүүн мэдэгдсэн юм. Үүний дараахан Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн билээ.
Тэрбээр 'Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой хоёр асуудал хэвлэлээр олон хөндөгдөж байна. Уг нь өнөөдөр нэг хүний албан тушаал ярьж байхын оронд дэгдээд байгаа томуу, эмнэлгийн орны асуудал яривал сайн юмсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудлыг би ярьж байна. Ярихад ичгэвтэр боловч өмнөх Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээ. Өмнөх хүн нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байгаа гэсэн яриа гарсан байна лээ. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би энэ талаар тодруулсан. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан гэх асуудал байна. Тэгэхээр Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө" гэсэн юм. Тэгвэл түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.