Хүйтний улирал бол монголчууд эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг вэ гэдгийг тод томруун харуулдаг. Энд тэндгүй ханиад шуухнаа хүрч, дархлаа нь муудсан хүмүүс харагдана. Монголчуудын эрүүл мэнд 1990 онтой харьцуулахад илт сайжирсан ч, урьдчилан сэргийлж болохуйц өвчнөөр шаналж, эд хөрөнгө, амь насаа гарзаддаг нийтлэг дүр зураг өөрчлөгдсөнгүй. Зүрх судас, амьсгалын зам, хоол боловсруулах болон бэлгийн тогтолцооны өвчлөл улам залуужиж, илүү өргөн хүрээг хамрах боллоо. 2006 онд хоол боловсруулах тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 729.6 байсан бол 10 жилийн дараа 1231.4 болж нэмэгджээ. Мөн энэ хугацаанд зүрх, судасны өвчтэй иргэдийн тоо 2 дахин өссөн зэрэг таагүй мэдээллийг олноор нь дурдаж болохоор байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл монголчууд эрүүл мэнддээ сард дунджаар 11.3 мянган төгрөг зарцуулж байна. Энэ нь нэг хүн хэрэгцээндээ зарцуулдаг сарын төсвийн таван хувьд ч хүрэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн жилд дунджаар 948 ам.доллар буюу 2.3 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа гаргажээ. Харин монголчуудын эрүүл мэнддээ хийж буй хөрөнгө оруулалт үүнээс 17.4 дахин бага буюу 132 мянган төгрөг байна. Манай улсын хүн амын гуравны нэгийг эзэлж буй ядуу иргэд сард дөнгөж 2278 төгрөг зарцуулж байна. Энэ нь нийт сарын хэрэгцээнийх нь 2.1 хувь юм. Харин ядуу бус иргэд 15215 төгрөгийг эрүүл мэнддээ зарцуулдаг нь нийт хэрэгцээнийх нь 5.2 хувийг эзэлж байгаа нь дэндүү чамлалтай.
Энэ онд манай улс эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харахад их тоо ч дэлхий нийтийн жишигтэй харьцуулбал тун шалихгүй. ДЭМБ-ын Номхон далайн буруун бүсийн төвөөс гаргасан санхүүжилтийн стратегид эрүүл мэндийн салбарт улсын нэгдсэн төсвийн 10-12 хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийг зарцуулахыг зөвлөсөн байдаг. Харин манай Засгийн газрын энэ салбарт зарцуулж буй төсөв улсын нэгдсэн төсвийн зардлын 9.3 хувь, ДНБ-ий 2-3 хувийг эзэлж байгааг эрх баригчид тэр бүр дурддаггүй.
Тухайлбал, манай Засгийн газар зүрх судас, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчинд жилд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Ийнхүү олон улсын байгууллагууд эрүүл мэндийн салбарт илүү хөрөнгө оруулж байж иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засаг өөдөлнө гэдгийг сануулж байна.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин |