Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ. Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яамны холбогдох мэргэжилтнүүд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж буй аж.
Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг. Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байна. Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү “ Манай улс УБЯ, УБН гэх мэт дугаарын тэмдэглэгээг хэрэглэдэг. Гэвч хил даваад явахаар зарим нэг үсгийг таньдаг улс байдаггүй. Жишээлбэл “Ж” үсэг байлаа гэхэд ганцхан Оросууд л мэддэг. Тэгвэл тээврийн хэрэгслийн дугаарын шинэчлэлээр хуучин хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх юм. Түүнээс биш дугаарын хэмжээ, өнгө будгийн хувьд өөрчлөлт орохгүй. Мөн нэг машин нэг л дугаартай байна. Дугаарыг солихгүй. Тиймээс тээврийн хэрэгслээ худалдахаар болбол дугаартай нь өгнө гэсэн үг. Нэг үгээр иргэд олон улсад зорчиход тулгардаг байсан бэрхшээлийг хөнгөлж буй хэрэг юм” хэмээн мэдэгдлээ.
Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход одоо хэрэгжиж байгаа улсын дугаар олгох журамд заасан төлбөр хураамжийг авахаас бус бусад нэмэлт төлбөр авахгүй аж.