Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Нийт 1368 хүн шалгалт өгснөөс дөнгөж таван хувь нь буюу 82 хүн тэнцжээ.
Хуульчийн мэргэжлийн шалгалт нь сорилгын болон бодлогын гэсэн хоёр үндсэн хэсэгтэй байжээ. Сорилгын шалгалт нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв, агуулгын хүрээнд боловсруулагдсан 200 асуултаас бүрджээ.
Харин бодлогын шалгалт нь дотроо гурван хэсэгтэй байсан аж. Үүнд, 1.Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх эрх зүй, Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2.Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, 3.Иргэний эрх зүй, иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан гурван даалгавартай байжээ.
Шалгалтын нийт онооны дүн 100. Шалгуулагчид 100 онооноос 70 оноо авбал шалгалтад тэнцсэнд тооцдог юм байна. Эхний сорилгын шалгалтад орсон 1368 хүнээс 771 нь тэнцэж, дараагийн бодлогын шалгалтад үүнээс 82 нь тэнцжээ. Шалгуулагчдын авсан хамгийн дээд оноо 84 байсан бол хамгийн доод оноо нь 24 байжээ.