“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес чуулга уулзалт Төрийн ордны Их танхимд өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Тус чуулга уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өө, Хүндэт зочид оо,
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэн барья.
Бидний урилгыг хүлээн авч “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад хүрэлцэн ирсэнд тань чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нийслэлийн эдийн засаг, хөгжлийг дэмжих, хөгжил дэвшилд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшилд тэгш боломж олгон, түншлэлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой энэхүү бизнес уулзалтыг бид дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Уулзалт бүхэн үр өгөөжөө өгсөн. Та бидний хамтын ажиллагаа алхам алхмаар урагшилсаар байна.
Өнгөрсөн оны “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтаар хотыг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд илүү нээлттэй болгоё, хөрөнгө оруулагчдыг ажиллах боломж нөхцөл, мэдээллээр чирэгдэлгүй хангая, худалдан авах ажиллагааг зарлахаас шалгаруулах хүртэлх үйл явцыг цахим хэлбэрээр явуулж, ил тод байдлыг хангая, хамтдаа хариуцлагыг эрхэмлэж ажиллая гэсэн зорилт дэвшүүлсний дагуу нэлээд ажлыг зохион байгууллаа.
Товчхон хэлбэл улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүд бүрэн хэрэгжиж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ ХОТ БИЕЛҮҮЛСЭН гэж үзэж байна.
Улаанбаатар хот бол хөрөнгө оруулагчдын хувьд боломж, сонголт юм. Тиймээс 2018 онд хөрөнгө оруулалтын эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр сунгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хотын дэд бүтцийг сайжруулах тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр цоо шинэ, иргэддээ мэдрэгдэхүйц үйл ажиллагаа өрнүүлэх болно.
Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд шулуухан хэлэхэд “хувьсгал” хэрэгтэй байгааг бид ойлгож байгаа. “Барих-шилжүүлэх“ нөхцөлтэй концессийн гэрээгээр олгох санхүүжилтийг хугацаанд нь бүрэн барагдуулах, худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаас гадна холбогдох газар, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж, зураг төсөв боловсруулж батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг III сард багтаан явуулж, IV сарын 01 гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байх зарчмыг бид хатуу баримтлах болно.
Бид 2018 оныг “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙГООР АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ ЖИЛ” болгоно. Энэ бол иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад амьдрах орчноо сайжруулах их бүтээн байгуулалтад оролцох бас нэгэн боломжит сонголтыг нээж байгаа юм.
Тиймээс их хотынхоо төлөө, ирээдүйн сайн сайхны тусын тулд сэтгэл, итгэлээ нэгтгэн, хамтран ажиллахыг уриалъя.
Та бүхэндээ амьдралын сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.