Л.Эрхэмбаяр: АН-ын даргыг ирэх хоёрдугаар сард сонгоно



АН-ын VI их хурал яг одоо Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Хурлаар намын үзэл баримтлал, үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгоно гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар АН-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-АН хэр шинэчлэгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна. Өнөөдрийн хурлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-АН шинэчлэлээ хийж эхэлж байна. Шинэчлэлийн эхлэл нь АН-ын зургадугаар их хурлаараа дараагийн шинэ үеэ эхлүүлж байна гэж дүгнэж байна. Гэхдээ шинэчлэл зөвхөн зургадугаар их хурлаар зогсохгүй. АН өөрөө фракцуудад хуваагдсан. Дунд шат, юм уу сум, аймаг, дүүрэгтээ АН хувьчлагдсан гэж гишүүд их ярьж байна. Тиймээс АН-ынхаа бүртгэлийг цахимаар хийж, хариуцлагатай болох, нээлттэй ил тод зарчимд шилжих, итгэл даадаг нам болж төлөвшинэ гэсэн үндсэн зарчмын асуудлыг шинэчлэлийн хөтөлбөрөөрөө батлах гэж байна. АН-ын шинэчлэлийн хөтөлбөр ойрын дунд хугацаанд баримтлах үндсэн чиг баримжаа болно гэж үзэж байна. Энэ шинэчлэлийн нэг хэсэг нь АН-ын дүрэмд өөрчлөлт оруулсанаар эхэлж байна. Тухайлбал, АН-ын намын даргыг нийт саналын эрхтэй гишүүдийн саналаар сонгодог болох зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа юм. АН-ын дунд шатны дарга буюу аймаг, нийслэл, дүүргийн дарга нарыг зөвхөн намын хорооны гишүүдээс биш өргөтгөсөн төлөөллөөр ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг тогтолцоонд оръё гэж үзэж байна. Энэ удаагийн хурлаар бараг батлах байх.

-Намын даргыг хэзээ сонгох вэ?

-Нэгдүгээр сарын 8-н хүртэл АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Нэгдүгээр сарын 22-нд улс орон даяар 330-аад сум, есөн  дүүрэгт бүх анхан шатны намуудын үүрүүдийн хурал болно. Энэ хурлаар намын үүрийн дарга нарыг ил тод нээлттэй сонгоно. Үүний дараа нэгдүгээр сарын 29-н хавьцаа бүх шатны сонгууль явагдана. Хоёрдугаар сарын 20-доор сунгаагаар намын даргаа сонгох асуудлыг төлөвлөж байна.

-Намын даргад хэдэн хүн өрсөлдөж байна вэ?

-Одоогийн байдлаар намын даргад 4-5 хүн өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэнийг хэвлэлээр нийтлэгдсэн. Намын даргад өрсөлдөх үйл явцыг хоёр шаттай болгоё гэсэн саналууд гарч байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлдөх хороон дээрээ хамгийн өндөр санал авсан дөрвөн хүнийг сунгаанд оруулая. Түүнээс илүү болвол сонгон шалгаруулалт явуулахад төвөгтэй. Тэгээд шалгарсан дөрвөн хүн нь сунгаанд ороод явдаг болох болов уу гэж таамаглаж байна.

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоо нэмэгдэж байгаа юу?

-Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоо 228. Өөрчлөгдөөд 256 болсон. Одоо 304 гишүүн 2 жил тутамд нэг удаа өрсөлдөж ордог журамд шилжиж байна. УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, ард түмний итгэл даасан гишүүд шууд ҮЗХ-ны гишүүнд ордог болно. Ингэхээр нийт 350-360 ҮЗХ-ны гишүүнтэй болно.

-Сүүлийн үед АН-аас Ерөнхийлөгчид сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хуулийнхан шалгаж байна гэж иргэд харж байна. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-АН-аас мэдэгдэл гаргасан. Хууль шүүхийн байгууллагынхан асуудлыг нийтэд ил тод болгооч ээ. Үүнийг бид улстөрийн зорилготой, манай намын нэр дэвшсэн хүмүүсийг намнасан байна гэсэн байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан.

 
Эх сурвалж : Zaluu.com

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ