СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн 70 гаруй уран бүтээлч багш, оюутан, тэр дундаа төгсөгчид хамтран гурван бүлэг, долоон үзэгдэл бүхий “Галайхан” хөөмийн бэсрэг дуурь буюу дуурилга бүтээснээ энэ сарын 19-нд буюу өчигдөр үзэгч олондоо толилууллаа.
СУИС-ийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн Язгуур урлагийн анги Монголд анх удаа “Хөөмийн дуурилга”-ыг тавьж байгаа бөгөөд тус тоглолтын үеэр Монголын Залуучуудын Холбооны "Хөдөлмөрийн алдар" цол тэмдгээр шагнагдсан байна.
Найрал дууг дөрвөн хоолойн хөөмийгөөр эгшиглүүлж дуурилгын зөрчил тэмцэл, баяр гуниг хосолсон аливаа үзэгдэл, драматик зөрчлийг дүрүүдийн хоорондын уялдаа, харилцаагаар дамжуулан гоцлол, хоршил, цөөхүүл зэрэг хөгжмийн илэрхийлэмжээр өгүүлж, хүн төрөлхтөн гал эзэмшиж эхэлсэн тухай цомнолыг байгалийн дүр зураг, хөөмийн төрөл зүйлтэй хослуулан тайзны томоохон хэлбэрийн бүтээлээр илэрхийлсэн хөөмийн анхны дуурилга ийнхүү үзэгчдийн сонорт хүрлээ.
Дуурилга гэдэг нь дуу хөгжмийн аливаа илэрхийллээр дамжуулан агуулга өгүүлэх тодорхой цомнол бүхий тайзны бэсрэг хөгжмийн уран бүтээл аж.
Төслийг СУИС-ийн хөөмийн багш, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн санаачилсан бөгөөд Зохиолыг Чоно багш бичиж найруулсан бол хөгжмийн зохиолчоор тус сургуулийн хөгжмийн зохиомжийн багш, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд ажилласан байна. Найрал дууны удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий хормейстер Н.Дашбямба, бүжгийн найруулгыг балетмейстер Р.Туяацэцэг хийсэн бол зураачаар СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш монгол зургийн мастер Б.Нямхүү нар тус тус ажилласан байна.
Хүн төрөлхтөн гал эзэмшиж эхэлсэн 40 мянган жилийн тэртээх цаг үед бидний өвөг дээдэс эцэг эх болсон байгальдаа эв найрамдалтай сүрэглэн галаа тахиж шүтэн, гал “манагч”, галын эзэн болсон эм хүнийг яаж дээдэлж амьдарч байсан тухай урлагийн хэлээр, тэр дундаа хөөмий хэмээх хүн-хөгжмөөр илэрхийлэн дүрслэн, сонсгосон “Галайхан” дуурилга нь энгийн, эгэл даруу монгол уран бүтээлчид юу санаж сэдэж, хийж бүтээж чаддагийн бас нэгэн жишээ боллоо.
Монгол Алтайн сүрлэг уулсын дунд өндрөөс буух хүрхрээн чимээ, сарны дуулал, салхины исгэрээ, хааяа чонын улиан ч сонсогдох байгаль эх-гэртээ хүн төрөлхтний өвөг-сүргийн нэгэн омгийнхон олз омгоо хуваан хүртэж, нар, сар, өдөр шөнө ээлжлэх хорвоод энх тунх амьдарна....Тэд хоорондоо хэрхэн ярилцахыг, ямар үйл явдал өрнөхийг хөөмий буюу хүн-хөгжмөөр харуулна, сонсгоно. Хүний нийгэм гэж байхгүй. Төр, улс, гэр бүл ч гэж үгүй. Гагцхүү байгаль эх, ан амьтан, бас хүн байна. Тэдгээрийн харилцан шүтэлцэл, дуу чимээ, хүчтэй нь хүчгүйгээ дийлж амьдарч байсан түүхийн нэгэн эрин цагт "Галайхан" дуурилга та биднийг аваачна.