Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс 7 дахин их байна



Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс долоо дахин их байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд онцолжээ. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан нь хатгалгаа байна. Энэ нь нялхсын  эндэгдлийн 15 хувийг эзэлж байгааг мөн тус сан мэдээллээ. Тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд амьсгалын доод замын халдварт өвчний улмаас нас барагсдын 95 хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Харин хатгалгаа өвчний улмаас нас барагсдын 81 хувийг хоёр хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа аж. НҮБ-ын Хүүхдийн сан агаарын бохирдлоос үүдэлтэй хүүхдийн өвчлөлийг бууруулахын тулд нэн тэргүүнд гурван арга хэмжээ авах шаардлагатайг тайландаа тусгажээ. Үүнд гэр хорооллын айлууд болон сургуулиудыг цэвэр түлшээр хангах, дархлаажуулалтыг сайжруулж, уушгины хурц үрэвслийг бууруулах мөн тамхины утаанд өртөлт, хоол тэжээлийн дутагдал зэрэг эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахыг анхааруулсан юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айлуудын утаа харин 10 хувийг дулааны цахилгаан станцуудын утаа эзэлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний үр, ашгийг 5.3 хувь, цахилгаан дамжуулах, түгээх үеийн алдагдлыг 5.9 хувь бууруулах мөн шинээр баригдах дулааны цахилгаан станцуудад өндөр технологи ашиглах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаагаа мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ