С.БАТБОЛД: УЛААНБААТАР ӨРГҮЙ ХОТ БОЛСОН



Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Хот ба сэтгүүлч" уулзалтын үеэр хотод өрнөж буй бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулснаас гадна санхүүгийн хувьд нийслэл өмнөх засаглалын үед тавьсан 100 тэрбум төгрөгийг  барагдуулж өргүй хот болсноо мэдэгдэв.

С.БАТБОЛД: УЛААНБААТАР ӨРГҮЙ ХОТ БОЛСОН Arslan.mn
2016 онд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоноос хойш 800 дахь хоног дээрээ тэрээр сэтгүүлчидтэй 4 дэх удаагаа уулзаж ажлаа тайлагнаж байна.
Нэгд, Хотын даргын хувьд бизнесийн байгууллага, ялангуяа хувийн хэвшлийнхний хийх ажлыг хот шүүрч хийхгүй гэсэн байр суурины үүднээс Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтарч ажиллан асуудлыг шийддэг болсон. Хөрөнгө оруулагчдын чуулганыг хийж хотын төсөв, гадны зээл тусламж болон бусад эх үүсвэрээр хийж буй ажлыг зарлаж, бүх тендерийг цахимаар зохион байгуулдаг болсон. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, хэрэв хөрөнгө оруулагчид асуудал тулгарвал энэ байгууллагад хандах болсон гэв.

Хоёрт, Эрхзүйн хүрээнд олон удаагийн парламент дамжсан Нийслэлийн Эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэхээр УИХ-д өргөн барьж хэлэлцүүлснээр Улаанбаатар хот хууль эрхзүйн хүрээнд асуудлаа бүрэн бие даан шийдвэрлэдэг болж түгжрэл, утаа, хүн амын суурьшил зэрэг тулгамдсан олон асуудлаа өөрөө шийддэг болно гэв.
 Гуравт, Газрын шинэчлэлийн ажлыг нэн тэргүүнд хийж, сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгохгүй байх шийдвэр гаргаж, зөрчил бүхий 16.8 га газрыг хураан авч зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль, цэцэрлэг, оршин суугчдад буцаан олгосон. Ингэхдээ орон сууцны дундах газрыг СӨХ-ны мэдэлд бүрэн шилжүүлж, зөвхөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, оршин суугчдын ая тавыг хангасан тохижолт, автомашины зогсоол барих эрхээр хангаад байгаагаа Хотын дарга дуулгав.
Дөрөвт, Бүтээн байгуулалтын хүрээнд гэр хорооллуудад “Сервис центер” буюу дэд бүтцийн төв байгуулах ажлыг өрнүүлж гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, төлөвлөлтийн ажлыг бүрэн утгаар хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Тодруулбал, АХБ-тай хамтарсан Сэлбэ, Баянхошуу гэсэн дэд төв байгуулахаар дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг хийхээр болж, гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсэд хуваан хөгжүүлэх ажил эхэлсэн гэв. Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас 53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг Нийслэлийн газрын санд шилжүүлжээ. Нийслэл хотын захиргааг Яармагт нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлж, барилгын суурийг тавиад байгаа бөгөөд 2019 онд хотын захиргаа бүрэн нүүж НЗДТГ, Нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд тэнд шилжин байрласнаар 330 төрлийн ажил, үйлчилгээг авахаар хотын төв ордог төвлөрлийг сааруулж арилгахаа мэдэгдлээ. Ингэснээр Яармаг нь Улаанбаатар хотын санхүү-эдийн засаг, аялал жуулчлалын төв болох юм байна.Тэрээр нийслэл хотыг “Нэг хот-Нэг стандарт”-тай болгох ажлыг эхлүүлж нийслэлийн иргэн хаана ч амьдарлаа гэсэн нийгмийн хүрээнд нэг стандартад нийцсэн үйлчилгээг авах, үзүүлэх тийм шаардлага бүхий нөхцөл байдал руу явж байгааг хэллээ. Төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд нийслэлээс үзүүлж буй 55 үйлчилгээг цахимжуулж, нийслэлийн ОСГ-ны хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа. Улаанбаатар хотод Нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороод хүргэж байна гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрээр сэтгүүлчийн асуултад хариулав.

-Удахгүй хүйтэрч утаа ихэснэ. Энэ өвөл агаарын бохирдлыг яаж арилгах гэж байна?

-Та бүхэн мэдэж байгаа, ирэх оны 5 дугаар сараас нийслэлд нүүрс түүхий түлш оруулахыг хориглож байгаа. Тэр хүртэл шахмал түлшээр хангаж, 40 мянган айлд хүчдүүлсэн цахилгаан халаагуур тавина. Эхний ээлжинд 400 уурын зууханд утааны шүүлтүүр тавьж байгаа.

С.БАТБОЛД: УЛААНБААТАР ӨРГҮЙ ХОТ БОЛСОН Arslan.mn

-Түгжрэлийг саармагжуулж арилгах талаар юу хийж байна вэ?
-Замын хөдөлгөөнийг нэг чиглэлийн болгох, дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлж сондгой, тэгшээр явдаг болгох зэрэг олон хувилбар ярьж байна. Эцсийн эцэст иргэдийн зүгээс нэг айлын эхнэр, нөхөр хоёр тийшээ хоёр машин унаад гардаг зэрэг хэрэглээгээ хязгаарлаж, нийгэм, олон нийтийн төлөө ухамсраа дээшлүүлж амьдармаар байна. Бүтээн байгуулалт талаасаа бид БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 4 том гүүрийн төсөл хэрэгжүүлж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Нийслэлийн захиргааг Яармагт шилжүүлснээр нийслэлийн харьяаны төр, захиргааны 3500 албан хаагч, өдөр тутам үйлчилгээ авдаг 10 мянган иргэн, төдий тооны хэмжээний автомашин хотын төвөөс гарна. “Шинэ Яармаг төв”-ийг нийслэлийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байна.

-Улаанбаатарт Туул гол, Богд уулын ойр орчим дүүргүүд газрын зөвшөөрлийг дураараа олгосноор замбраагүй олон байшин барилга барьж байгалийн унаган төрхөө алдуулж байгаа байдлыг яах вэ? 
-Туул гол, Богд уулын тусгай хамгаалалтын газар яам л мэдэж газар олгодог. Дүүргүүд дур мэдээд газар олгож байгаа бол хотын дарга би цуцлах эрхтэй.

-Улстөрийн шинжтэй зүйл асуухад удахгүй болох хотын МАН-ын даргын сонгуульд нэр дэвших үү?
-Тиймээ, хотын намын хорооны хурал энэ сарын 21-нд хуралдах гэж байгаа. Би өрсөлдөж нэр дэвшинэ. Яагаад гэвэл Нийслэлийн Засаг даргаар томилогдсон надад 4 жилийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал байна. 2020 онд би юу хийснийхээ иргэдээрээ дүнгээ тавиулж хариуцлагаа өөрөө хүлээнэ гэв.

Тодруулга: Өнөөдөр Улаанбаатар хотод 1.4 сая хүн амьдарч, Монгол Улсын эдийн засгийн 64 хувь ногдож , ДНБ-ийн 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ