Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран "Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь" уриан дор Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал энэ сарын 3-6-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү бага хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 49 орны өндөр дээд хэмжээний зочид оролцох юм.
НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий семинар өнөөдөр боллоо. Семинарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газраас дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар Улаанбаатар хотод чуулж байгаад хотын даргын хувьд онцгой ач холбогдол өгч байна. Улаанбаатар хот цаашлаад Монгол Улс нь сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гамшигт өртөх эрсдэл өндөртэй байна. Жилийн дөрвөн улирал, уур амьсгалын цочмог өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гамшиг ослын тоо, давтамж, цар хүрээ нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм. 2014 онд уур амьсгалын эрсдлийг индексээр үнэлэхэд 100 гаруй орноос хамгийн их эрсдэлд орох магадлалтай улсын жагсаалтын 8-д Монгол Улс орсон байна. Энэ нь Монгол Улсын хүн амынх нь тал нь амьдарч буй Улаанбаатар хот гамшгийн эрсдэлд бэлэн бөгөөд даван туулах чадавхтай байх шаардлагатайг илтгэж байна. Тиймээс Улаанбаатар хот газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судлагаа, шинжилгээний үйл ажиллагааг дэмжих, олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг сайжруулах, олон улсын сургалт семинарт оролцох, зохион байгуулахыг дэмжсээр ирсэн юм” хэмээн онцлов.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Байгаль дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас, гамшиг ослын тоо давтамж, цар хүрээ нэмэгдэж, нийгэм эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байна. Ган, зудын гамшгийн аюулд малчид иргэд амьжиргааны эх үүсвэргүй болж нийслэл хотод шилжин суурьшсанаас хүн амын нягтаршил ихсэж гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн 5 жилд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол нийт 16,570 гаруй тохиолдсоноос, ой, хээрийн түймэр 57, объектын гал түймэр 14,324, эрэн хайх аврах ажиллагааны 2,189 тохиолдол бүртгэгдэж хувь хүн болон хуулийн этгээдэд 27.7 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр осолд 418 хүн амь насаа алдсан нь хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал юм.
2017 он гарсаар улсын хэмжээнд 11,990 чичирхийлэл мэдрэгдсэнээс 320 удаагийн чичирхийлэл Улаанбаатар хотын орчимд мэдрэгдээд байна. Газар хөдлөлтийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд хүн бүр бэлэн байх шаардлагатайг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын өсөхийн зэрэгцээ суурьшлын бүс өргөжин тэлж, гуу жалга, үерийн ам зэрэг эрсдэлтэй бүсэд оршин суух иргэдийн тоо ч ихэссэн. Мөн үерийн даланг буулгаж барилга барих, шороо асгаж тэгшлэх гэх мэт инженерийн хийцэд сөргөөр нөлөөлөх, уулын жалга сувгийн гольдролыг өөрчлөх, ус зайлуулах системгүй барилгажсан талбай ихсэж, ургамалжсан талбай багассан, цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалан үерт өртөх магадлал өндөрсөж байна.
Тиймээс эдгээр байгалийн аюулт үзэгдэл болон болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улс, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачлагад нэгдэн орсноор Улаанбаатар хот бусад хотуудтай туршлагаа хуваалцаж, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байна." хэмээлээ.
ХБНГУ-д 2010 онд эхлүүлсэн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад өнөөдрийн байдлаар дэлхийн 3828 хот нэгдэн ороод байгаа аж. Улаанбаатар хот анх 2016 онд энэхүү санаачилгад нэгдэн орсон юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn |