Барилгын материалыг хүнсний бүтээгдэхүүнтэй хольж ачсан зэрэг зөрчил гаргасан зургаан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх эрхийг цуцалжээ



Ачаа тээврийн эргэлтийг цаашид хэрхэн сайжруулах талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Замын-Үүд боомтыг ногоон бүс болгох тал дээр ажиллаж байгаа. "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г хэрэгжүүлж, төрийн ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Хилийн боомт, хилийн мэргэжлийн ариутгах хаалгыг ашиглалтад оруулаад 10 гаруй хонож байгаа. 

Экспорт, импортын бараа эргэлтийг нэмэгдүүлэх, эздэд нь барааг шуурхай олгох тал дээр арга хэмжээ авч байна. Гаалийн харилцаа үүсгэснээс хойш 24 цагийн дотор эздэд нь барааг олгох ажлыг хийж байгаа. 

Экспортын 100 орчим машин өдөрт хилээр нэвтэрдэг байсан бол 110 болсон. Харин импортын машины хувьд 100 байсан бол 190 болж өссөн. Төмөр замын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Төмөр замаар импортын бараа эргэлт харьцангуй нэмэгдэж байгаа. Цаашид улам сайжруулна. Зам тээврийн дэд сайд өнөөдрөөс ирж ажиллана. 

Эрээний гааль болон боомтын зөвлөлтэй яриа хэлэлцлүүд хийгдэж байгаа" гэв. 

Замын-Үүд дэх Боомтын зөвлөл тээврийн зардлыг гурав дахин бууруулах буюу 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан талаар мэдээлж байсан. 

Энэхүү шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар дараах тайлбарыг өгөв. 

Тэрбээр "Наймдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 700 гаруй жолоочтой гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд жолооч нар ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой. Наймдугаар сарын 4-нөөс хойш 400 гаруй тээврийн хэрэгсэл гэрээгээ байгуулаад улсын хилээр нэвтэрсэн байна. 

Гэрээ хийсэн 18 тээврийн хэрэгсэл Замын-Үүд боомтоор орж ирсэн. Хууль хяналтын байгууллагууд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хариуцлагын гэрээний 6.6-д тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хязгаарлана. 18 тээврийн хэрэгслээс 13 нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Үлдсэн таван тээврийн хэрэгсэлд хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалтыг хийж байна. Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Замын-Үүд сумын боомтын зөвлөл Эрээний боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байна.

Ширмэн хаалт ачих нэрийдлээр барилгын материал, галд тэсвэртэй тоосго тээвэрлэх нэрээр хүнсний бүтээгдэхүүн, авто замын хяналтын цэгт байрлуулах тээврийн хэрэгслийн гадаргуугийн халдваргүйтгэл хийх байгууламж ачих нэрээр хүнсний нарийн ногоо, барилгын материал хамт ачсан тохиолдол тус тус гарсан тул нийт зургаан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг зургаан сарын хугацаагаар цуцалсан" гэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ