Дэлхий нийтэд тархаад буй коронавируст /КОВИД-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалтаас шалтгаалан хилийн боомтоор экспортод гарах нүүрсний хэмжээ бууралттай байгаа.
Иймд экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Энэ ажлын хүрээнд нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.
Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминалын зураг төсөл, холбогдох тооцоо, судалгааны ажлыг хийж, улмаар зам талбай, барилга байгууламжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан талбайн шимт хөрс хуулах, тээвэрлэх, талбайн улны тэгшилгээний ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.
“Энержи ресурс” ХХК,“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иудын хөрөнгөөр байгуулж буй уг терминалыг энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулна.
Харин Шивээхүрэн боомтод баригдах чингэлэгт тээврийн терминалын холбогдох тооцоо, судалгаа, зураг төслийг боловсруулах ажлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг гүйцэтгэж байгаа ба гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.
Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасч, нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх юм.