Бизнесийн байгууллагуудын 99% нь бэлэн мөнгөний хомсдолд оржээ



-Аж ахуйн нэгжүүд элгээрээ мөлхөж, ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байна-

Коронавируст цар тахлаас шалтгаалан улс орны удирдлагууд хөл хорих шийдвэр гаргаснаас эхлэн “ажиллахгүй бол амьдрал үргэлжлэхгүй” гэх хүндхэн сорилт олон зуун мянган бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан. Манай улсын аж ахуй нэгжүүдэд ч энэ шийдвэр нөлөөлж, 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засаг өнгөрсөн оныхоос 5.3 хувиар агшиж, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Пандемик хэд хэдэн сувгаар дамжин эдийн засагт нөлөөлж буй. Тухайлбал, тээвэр ложистик доголдсоноор барааны нийлүүлэлт гацаж, халдварын нөхцөл байдал хүндэрсний улмаас хилээ хааж, аялал жуулчлалын салбар уналтад орон, ажлын байрны цомхотголоос үүдэн иргэдийн худалдан авах чадвар буурч, дотоодын хэрэглээ танагдсан гэх зэргээр бизнесийн бүх л хүрээнд сөрөг нөлөө, өөрчлөлт мэдрэгдсэн. Энэ мэтчилэн эдийн засгийг сэхээнд оруулж, аж ахуйн нэгжүүдийг хохирооход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь хөл хорио, цагийн хязгаарлалттай холбоотой шийдвэрүүд юм.

Монгол Улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна.


 
Хатуу хөл хорио тогтоосон өдрүүдийг улаанаар тэмдэглэв

Дэлхийн банкнаас хийсэн Монгол Улс дахь хувийн хэвшлийн цуврал судалгаагаар 2020 оны наймдугаар сард 360 аж ахуйн нэгжийн 82 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орсон бол энэ оны хоёрдугаар сард тус үзүүлэлт 99 хувьд хүрчээ. Түүнчлэн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн 2020 оны судалгаагаар “хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй ба зээлийн эргэн төлөлт хийж чадахгүй байгаа гэсэн бол 61 хувь нь түрээсийн төлбөр хийхэд хүндрэлтэй” гэж хариулсан байна.

Тухайлбал, 2021 оны эхний гурван сарын байдлаар аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйл ажиллагаа нь хэвийн явагдахгүй байгааг онцолсон байна.


Flourish logoA Flourish chart

Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он бүхэлдээ эдийн засгийн томоохон сорилт болж, энэ онд цар тахлын дарамтаас өндийхөөр хичээж буй ч нөхцөл байдал он дамнан үргэлжилсээр. “Ковид 19”-ийн эргэн тойронд сэхээнд орсон эдийн засаг, ар гэрээ тэжээж, амьдралаа авч явж хүчрэхээ больсон ард түмний цөхрөл, дампуурлаа зарласан хэдэн зуун аж ахуйн нэгж, өрөнд орсон бизнес эрхлэгчдийн шаналал оршиж байна.

Байр суурь


 

Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН нөхөрлөлөөс санаачлан эхлүүлээд буй #ЭрхээЭдэлье нөлөөллийн аяны хүрээнд хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь доголдож, хохирол амсаад буй бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцсанаас хэсэгчлэн хүргэж байна.

Э.Азжаргал : Хэдэн зуун саяын өрөнд орж, салбар дэлгүүрүүдээ хаасан

/Mayara Mongols  брэндийн үүсгэн байгуулагч, захирал/

Би бизнесээ эхлүүлээд гурван жил болж байна. Энэ хугацааны хоёр жилд нь хөл хорионд байлаа. Одоогийн байдлаар нэг бизнес маань 200 сая төгрөгийн өрөнд орж, энэ асуудал шүүхийн шатанд явж байна. Mayara брэнд хэд хэдэн газар түрээсийн өрөнд орж, бараагаа лацдуулсан. Ажлын байраа хадгалж, цомхотгол хийхгүйн тулд өөрийнхөө бүх хэрэглээг танаж, хассан. Манай улсад бизнес эрхлэх эрх зүйн орчин үнэхээр хангалтгүй, бүрэн хэрэгждэггүй гэдгийг  бизнес, эрүүл мэнд, сэтгэл зүй гээд бүх л зүйлээрээ мэдэрч байна. Маш олон хүн ажлаа алдаж, хэдэн арван бизнес дампуурал зарлалаа.  Цаашид бизнес эрхлэгчдийг ажиллах боломжоор л хангаасай гэж хүсэж байна. Бид хичээгээд хичээгээд энэ бүх алдагдлыг нөхөхөд хамгийн багадаа гурван жил, магадгүй түүнээс ч их хугацаа шаардлагатай.

Д.Амартүвшин: Аж ахуйн нэгжүүд ажлаа хийх боломжийг л хүсэж байна

/Comedy lab ХХК-ийн гүйцэтгэх захирал /

Үйлчилгээний салбар ковидгүй үед ч хаалттай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Манай байгууллага 510 хоног ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. 60 орчим хоног цагийн хязгаарлалттай үйл ажиллагаа явуулсан. Ингээд тооцохоор, бүтэн хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй гэж хэлж болно. Саяхан “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөнийг зохион байгуулах үеэр маш олон хүн бидэнтэй холбогдсон. Жишээлбэл, “Алтжин бөмбөгөр”-ийн хүнсний лангуу эрхлэгчид бүхэлдээ алдагдалд орсон байсан. Хүнсний худалдаа эрхлэгчдийг ажиллуулсан боловч худалдан авагчид нь хөл хорионд байсан учраас алдагдалгүй ажиллах боломжгүй. Төрөөс аж ахуйн нэгжтэй байгуулж буй хариуцлагын гэрээнд хувийн байгууллагууд ямар хариуцлага хүлээхийг тусгаснаас биш төрийн зүгээс хүлээх хариуцлагыг огт тусгаагүй. Төр өөрөө хамгийн том хууль зөрчигч болж байгаа нь харамсалтай. Аж ахуйн нэгжүүд ажлаа хийх боломжийг л хүсэж байна.

#ЭрхээЭдэлье аяны хүрээнд хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНДээс сонсоно уу.

Коронавируст цар тахлын үед хэрэгжсэн захиргааны шийдвэрүүдээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн явдал, эрхийн зөрчлийг хуулийн хүрээнд арилгуулахаар зорьж буй аяны тухай мэдээллийг Фиделитас Партнерс ХХН-ийн Фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. 



Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачилгын хүрээнд бэлтгэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ