Аравдугаар Богдыг залах ажиллагаа өнөөдөр болно гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдээс тодрууллаа.
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд аравдугаар Богдыг залах ажиллагаа өнөөдөр болохгүй. Ийм зүйл яригдаагүй.
Батцагаан дуганд байдаг сэнтийний зураг, хаанахынх нь мэдэгдэхгүй гуталны зураг тавиад аравдугаар Богдыг зална гэх мэдээллийг гаргасан байсныг бид харсан. Ингэж иргэдийн итгэл үнэмшилээр тоглож болохгүй. Үүнээс болж иргэдийн дунд талцал үүсэх явдал ч болсон байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаасай гэж бодож байна.
Иргэд, хэвлэл мэдээллийнхэн Гандантэгчэнлин хийдийн төв байгууллагаас гаргасан мэдээлэлд итгэх хэрэгтэй.
Хэрэв аравдугаар Богд Жавзандамба хутагтыг залахаар болбол дэлхий нийтэд зарлана. Анхдугаар Өндөр гэгээнээс авхуулаад есөн дүр залрахдаа Монголын шашинд, дэлхийн хүн төрөлхтний оюуны соёлд эдгээр хүмүүсийн оруулсан хувь нэмэр үнэлэшгүй.
Харин маргааш буюу наймдугаар сарын 12-нд 09:00-13:00 цагийн хооронд Батцагаан дуганд Тэргүүн хамба ламд бат оршил өргөх хурал номын үйл ажиллагаа болно. Хөл хорио суларч байгаа хэдий ч аймшигт өвчин арилаагүй байгаа тул шавь болон цөөн хүний төлөөлөлтэй болно. Уг үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулна" гэв.