Б.Отгонбаяр: Афганистанд үүрэг гүйцэтгэх ажиллагаа дууссан. Тэнд нэг ч монгол цэрэг байхгүй



Афганистанд монгол цэргүүд дайралтанд орж гэмтэж шархадсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.

Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Сүүлийн үед цахим орчинд “Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн” гэх хуурамч бөгөөд олон түмнийг айдаст уриалсан мэдээлэл цацагдаж байна.

Афганистанд үүрэг гүйцэтгэх ажиллагаа өнгөрсөн тав, зургаадугаар сард дууссан. АНУ тэргүүтэй олон улсын бүх бие бүрэлдэхүүн Афганистаны нутгаас гарсан. Тийм ч учраас цаг үеийн байдал нь хүнд байгаа. Тэнд нэг ч Монгол цэрэг байхгүй" гэсэн тайлбар өглөө.

Түүнчлэн "Цэргийн байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд аливаа худал мэдээллийг цахимаар олон нийтэд тарааж байгаа нь зохисгүй үйлдэл болохыг бид удаа дараа анхааруулсаар байгаа.

Энэ удаагийн хуурамч мэдээллийн хувьд, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад:

  • 2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 13 ээлжээр,
  • 2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 10 ээлжээр,
  • 2010-2015 онд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлэг есөн ээлжээр, хамгаалалтын салаа 8 ээлжээр,
  • 2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэлээ.

Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7,100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургаадугаар сард эх орондоо ирснийг дахин хэлье.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирсэн юм" хэмээн хэллээ.


 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ