Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Санхүү, аж ахуйн албанаас өнөөдөр /2022.09.28/ “Ахмад, дунд, залуу үеийн уулзалт”-ыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Санхүү, аж ахуйн албаны Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Алтансүх, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, Ахмадын зөвлөлийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Янсанжав болон ахмад ажилтнууд оролцсон юм.
Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллагын ирээдүй, хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Цагдаагийн байгууллагын алба хаагч, ажилтнуудын хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, цагдаагийн байгууллагын аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх бахдам түүхийг бүтээхэд та бүхний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж баршгүй юм” гэдгийг онцоллоо.