БНСУ-ын “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгч Чой Дэ Сан Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцахаар манай улсад ажиллаж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түүнтэй уулзлаа.
Ерөнхийлөгч Чой Дэ Сан хэлэхдээ “”Улаанбаатар смарт карт” компани нийслэлтэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Бид өнгөрснийг харах биш цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулах, “Улаанбаатар смарт карт” компаниар дамжуулан Улаанбаатар хотын нийтийн тээврийг боловсронгуй болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төлбөрийн цахим систем нийслэлийн нийтийн тээврийн системд нэвтэрсэн нь сайн зүйл. Цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Гэхдээ Монгол, Солонгосын нийтийн тээврийн салбар, иргэдийн амжиргаа, орчин нөхцөл өөр. Үүнийг та бүхэн зарим зүйл дээр гүйцэд тооцоолоогүй гэж харагдаж байгаа юм. Карт борлуулах компани болон нийтийн тээврийн компани хооронд ямар эрх, үүрэг байхыг ч тодорхой болгоогүй. Бас нэг том асуудал нь картыг хаанаас авах, ямар хугацаатай, хаана цэнэглэх зэрэг нь тодорхой бус байна. Гуравдугаарт, хяналтын системийг компаниудад өгсөн нь буруу. Хяналтын систем тусдаа байх хэрэгтэй. Ийм дутагдлууд ажиглагдсан. Мөн солонгосын талаас системийн программ хангамжууд бүрэн хийгдэж дуусаагүй зэрэг хийгдээгүй ажлууд ч бий. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 40 хүрэхгүй хувь нь цахим картаар зорчиж байна. Энэ нь энэхүү төслийн үр дүн муутай байгааг харуулж байгаа юм. Ерөнхийлөгч та Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа өөрийн хүмүүстээ үүрэг чиглэл өгч, зарим асуудлыг шийдвэрлээрэй гэж хүсье. Цаашид талууд хамтын ажиллагаагаа илүү тодорхой болгоход анхаарч ажиллацгаая” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа