Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Гепатиттэй тэмцэх дэлхийн өдөр” болгон дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд бид элэгний B, C, D вирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн (УНТЭ) Гастроэнтерологийн төвийн эмч, АУ-ны доктор Г.Анартай ярилцлаа.
Манай улсад элэгний B, C, D вирусийн тархалт их байдаг. Эдгээр вирусууд ямар ялгаатай вэ?
-Монгол Улс Элэгний хорт хавдрын өвчлөлөөр олон улсын дунджаас 5-6 дахин өндөр байдаг. Энэ нь хүн амын дундаж наслалтад сөргөөр нөлөөлж байна. Тиймээс иргэд элэгний B, C, D вирусний тархалтын талаар хэд хэдэн зүйлийг мэдэж, анхаарах шаардлагатай. Юуны өмнө элэгний В вирусний талаар тодорхой тайлбарлая.
-Элэгний B вирусний хувьд вакцинаар хамгаалагддаг өвчин юм. В вирусний тархалтанд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь эхээс урагт халдварлах явдал юм. Иймд дөнгөж төрсөн хүүхдэд 24 цагийн дотор товлолт B вирусний вакциныг хийдэг. Одоогоор Монгол Улсад хүүхдийн В вирусний вакцины хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Үүний үр дүнд 10-аас доош насны хүүхдүүдийн дунд халдвар буурсан. В вирусний вакцины хамрагдалтын хувьд 2000 оноос хойш насны хүмүүс хангалттай хамрагдаж чадсан. Харин үүнээс өмнө төрсөн хүмүүс В вирусний халдвар авсан байна уу гэдгийг үзэх шаардлагатай болсон. Тиймээс уг шинжилгээг харьяа өрхийн болон аймгийнхаа эмнэлэгт хийлгэж болно.
Түүнчлэн жирэмсний хяналтын үед В вирусийн халдварыг үздэг. Хэрвээ жирэмсэн эх В вирусний халдвартай байвал хүүхдэд цааш тархаахгүй байх үүднээс товлолтоос гадна өөр төрлийн вакцин хийдэг. Үүнийг мэргэжлийн хэлэлгээр “Хепабиг” гэж нэрлэдэг. Халдвар авсан тохиолдолд шууд хамгаалах зорилгоор эсрэг биет хэлбэрээр байдаг пассив вакцин юм.
Хэрвээ та жирэмсний хяналтанд ороод В вирустай гэж гарсан бол вирусээ тоолуулаад, хүүхдэдээ халдаах эрсдэлтэй байгаа бол уг Хепабигийг тариулах талаар эх барихын эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Энэхүү тариаг төрснөөс хойш 12 цагийн дотор тариулж байж үр дүнтэй байдаг гэдгийг анхаараарай.
Элэгний В вирусээр 18-24 насны залуучууд халдварлах магадлал өндөр байдаг гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Элэгний В вирусээр халдварлах бас нэг хүчин зүйл нь бэлгийн харьцаанд орж эхлэхдээ халдвар авах эрсдэл өндөр болсон байдаг. Энэ нь 18-24 насны хүмүүс багтана. Хэрвээ та энэ насны хүн эсвэл таны хүүхэд энэ насан дээрээ байгаа бол элэгний В вирусний шинжилгээг заавал өгөөрэй. Шинжилгээгээр В вирусний халдвар илрээгүй бол В вирусний дархлааны эсрэг бие (Anti-HBs) байна уу гэдгийг үзээрэй. Хэрвээ хангалтгүй буюу 10-с доош нэгж байвал В вирусний вакциныг дүүргийн эмнэлэг болон ХӨСҮТ-д сайн дурын дархлаажуулалтын кабинетээр гурван тун хийлгэж болно. Вакцины тун бүр нь 5000 төгрөгний үнэтэй байдаг бөгөөд ЭМЯ-ны дансанд тушаадаг. Ер нь вакцин хийлгэснээр насан туршийн хүнд өвчин, гэр бүлийн санхүүгийн хямралаас хамгаалах боломжтой. Гол нь бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг залуучуудад байнга сануулж байх хэрэгтэй.
Мөн В вирусийг зарим тохиолдолд эмнэлгийн ажилбаруудтай холбоотойгоор насанд хүрсэн хүмүүс авах эрсдэлтэй. Тухайлбал шүдний үзлэг, эмчилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, гоо сайхны мэс ажилбарууд, ардын уламжлалт эмчилгээ гэх мэт шалгаануудаас болоод арьс салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан үед халдвартай багажаар В вирус авах эрсдэлтэй. Иймд найдвартай, эрүүл ахуйн маш сайн хангагдсан газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Монголчууд сүүлийн жилүүдэд элэгний С вирусээс ангижирч чадсан боловч анхаарах зүйлс байдаг гэсэн?
-Монголд 2015 оноос хойш элэгний С вирусийн “харвони” гэдэг эм орж ирсэн. Улмаар уг вирусийн эм 2016-2017 онд ЭМД-д орсноор олон хүн энэ вирусийн гаралтай өвчний аюулаас ангижирсан. Гэхдээ анхаарах зүйл бий. С вирус устсан ч гэсэн олон жилийн дараа зарим хүмүүст элэгний хавдар оношлогдох явдал ажиглагдаж байгаа. Ялангуяа илүүдэл жинтэй, эрэгтэй, чихрийн шижинтэй, элэгний хатууралтай, 70-аас дээш насны хүн бол жил болгон хэвлийн эхогоор элгээ хянуулж байх хэрэгтэй.
Элэгний D буюу дельта вирусийн талаар бид юуг анхаарах ёстой вэ?
-Бидний дараагийн асуудал нь Дельта вирус юм. В вирус халдвартай боловч тоолоод үзэхлээр хар хэллэгээр “унтаа” буюу байхгүй байна гээд санаа амарч болохгүй. Давхар дельта вирусийг заавал шалгуулах шаардлагатай. Дельта вирусийг мэргэжлийн хэллэгээр "зэрэмдэг вирус" гэж нэрлэдэг. Өөрөө бие даан халдварлуулах чадваргүй, зөвхөн В вирусийн халдвартай бөгөөд авч байсан хүмүүст тархах эрсдэлтэй учир зэрэмдэг вирус юм. Одоогоор Монголд батлагдсан дельта вирусийн сайн эмчилгээ байхгүй.
Бид одоогоор дельта вирусийн “Хепклудекс” гэх шинэ эмчилгээг хүлээж байна. Манай улсын шийдвэр гаргах түвшинд болон үйлдвэрлэгчид нь энэ эмчилгээг оруулж ирэх гээд идэвхитэй ажиллаж байгаа. Орж ирсэн үед нь уг эмчилгээнд хамрагдахын тулд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж элэгний асуудлаа эрт оношлуулахыг зөвлөж байна. Эхний ээлжинд элэгний ээнэгшилээ алдаагүй, бие сайтай өвчтөнгүүдэд энэ эмчилгээг зөвлөх байх гэж бодож байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Уг эмчилгээ нь нэг жил үргэлжилнэ, Дельта вирусийг зөвхөн дарангуйлна, устгахгүй. Өдөр бүр арьсандаа тарих хэрэгтэй болно. Мөн энэ эм нь хадгалалтын тусгай нөхцөл шаардах учир хүн болгон нөхцөлийг нь хангахгүй байх эрсдэлтэй.
Иймд хүн бүр өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө тогтмол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байхыг уриалж байна. Нөгөөтэйгүүр энэ нь таныг болон таны гэр бүлийг ирээдүйд учирч болох санхүүгийн том дарамтнаас ч мөн хамгаална.