Иргэд гадаад паспорт захиалахдаа хувийн зурагчинд 5000 төгрөг төлж зураг даруулаад улсын бүртгэл дээр очдог байв. Гэтэл 14 хоногийн өмнөөс бүртгэлийн байгууллагын үүдэнд суудаг байсан хувийн зурагчид ажилгүй болж төр өөрөө зурагчин болов. Үүнийгээ иргэдийн халааснаас гардаг байсан 5000 төгрөгийн хэмнэхээс гадна дундын зуучлал, хуурамч паспорт хувилахаас сэрэмжилж байгаа хэмээн тайлбарлаж буй. Энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дээр очиход оочер дараалал их, иргэд бухимдалтай угтлаа.
Өдөрт гадаад паспортын 100-150 дугаар тараагддаг ч цайны цагийн өмнө дуусдаг байна. Шинэ зохицуулалтаар гадаад паспорт захиалахаар ирсэн иргэний цээж зургийг бүртгэлийн ажилтан өөрөө авч системдээ оруулах үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Үүний дагуу иргэд эхлээд зураг даруулаад дараа нь бүртгэлээ хийлгэх аж. Гадаад паспорт захиалах иргэд үүднээс дугаар авсан бол өөр нэг цонхонд очиж бүртгэлийн ажилтны өгсөн дугаараар цээж зургаа даруулах юм. Тухайн бүртгэлийн ажилтан зургийг дарж, янзлан системдээ оруулахад нэг хүнд 15-20 минутыг зарцуулж байв. Өөрөөр хэлбэл, цагт 4-5 хүнд үйлчлэх болж байна.
Дугаар аваад амжаагүй үлдсэн нь маргааш нь дахиад ирэх юм байна. Ээлжээ хүлээсэн иргэд зураг авах хэсэгт ажлын цаг эхлэхээс цайны цаг хүртэл удаан хүлээж цөхрөнгөө баржээ. Тэд дугаараа дуудахыг хүлээх бус зураг авч буй ажилтнаа нэмэхийг шаардаж, удаан хүлээж буйдаа бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл, гадаад паспорт захиалах үйлчилгээний зөвхөн зураг авах цонхонд л хүмүүс овоорсон. Харин бүртгэлийн хэсэгт хоёр ажилтнаас өөр хүнгүй байв. Гадаад паспорт захиалахаар ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонсч нөхцөл байдалтай холбоотойгоор албаны хүнтэй уулзаж тайлбар авлаа.
М.ХАНДАА: ШААРДЛАГА ХАНГАСАН ЗУРГИЙГ ЦАХИМ РУУ ОРУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
-Би гадаад паспортоо гээгдүүлээд захиалахаар өглөө 09:00 цагт ирээд 12:00 цаг гэхэд зураг даруулах дугаар боллоо. Өмнө нь зургаа үүдэнд нь 2-3 минутын дотор авахуулдаг байсан. Гэтэл одоо ийм утгагүй шийдвэр гаргаснаас иргэдийн алтан цаг дэмий үрэгдэж байна. Нэгэнт цахим болж байгаа бол өмнөх шигээ шаардлага хангасан зургийг хувь хүн өөрөө цахим руу оруулдаг болгох хэрэгтэй. 5000 төгрөгийн хэмнэлт нь 4-5 цаг хүлээлгэх байж болохгүй. Зурагчнаа нэмэхгүй юм бол буцаад хувь хүмүүсээрээ үйлчлүүлье.
Н.УРАНБАЯР: ЗУРАГЧНАА НЭМЭЭСЭЙ
-Анх удаа гадаад паспорт захиалах гээд дугаараа авч зураг авахуулах гэж хоёр цаг гаруй хүлээж байна. Иргэдийн бухимдалтай байгаа зүйл нь ганц зурагчин дээр хүлээгдэж буй асуудал юм. Нэгэнт бүртгэлийн газар зураг авч байгаа бол зурагчнаа нэмэх хэрэгтэй. Мөн бүртгэлийн ажилтан чихгүй, шаардлага хангахгүй маш хайнга зураг дарж төвөг удаж байгаа талаар саяхан нэг иргэн цахим хуудастаа бичсэн байсан. Засгийн газар нь төр, хувийн хэвшлийн өмнүүр орж бизнес хийхгүй гэж ярьж байгаа хэрнээ төр иргэдийн бизнесийг хүчээр булааж байна. Тэр нь ямар ч чанаргүй, үр дүнгүй.
П. МӨНХБААТАР: ИРГЭД МЭДЭЭЛЭЛГҮЙГЭЭС АЧААЛАЛ НЭМЭГДСЭН
Иргэдийн бухимдал эсэргүүцэлтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатартай уулзаж зарим асуултад хариулт авлаа.
-Иргэдийн гадаад паспортын зургийг төр өөрөө авч байгаа нь ямар давуу талтай вэ. Үйлчилгээний хөлс дээр зурагчны үнэ нэмэгдэж байгаа юу?
-Иргэдээс зураг даруулахад гарах зардлыг хэмнэж, өөрийн биеэр ирүүлж байгаа учраас хуурамч паспорт гаргах эрсдэлээс сэргийлнэ. Мөн бусад орны хил дээр манай улсын иргэдийн паспортыг шалгаж нягталдаг байдал багасаж, визийн болон бусад нөхцөл хөнгөрөх давуу талтай. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлагатай нийцүүлж байгаа. Бүртгэлийн ажилтан шууд системд бүртгэснээр цаасны, хүргэлтийн, шуудангийн зардал багасаж, цаасан зураг наах мөн бүртгэлийн хуудас хэрэглэхгүй учраас бүртгэлийн хурд сайжирна. Түүнчлэн дундын зуучлал буюу паспорт шуурхай гаргах нэрээр иргэдээс авлига авдаг байдал үгүй болно. Гадаад паспортын үнэ нэмэгдээгүй.
-Дүнжингарав салбар дээр нэг зурагчин байгаа нь ачаалал үүсгэж иргэдийг бухимдуулж байна. Зурагчнаа нэмэх боломжтой юу?
-Иргэд мэдээлэлгүйгээс нэг цэгийн үйлчилгээ гэхээр Дүнжингарав, 100 айл, Драгоныг зорьж ачаалал нэмэгддэг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт дөрвөн газарт захиалах боломжтой. Өдөрт 350-400 хүн гадаад паспорт захиалж байгаагаас Дүнжингарав салбарт 200 гаруй хүн захиалга өгч байх жишээтэй. Харин “Дарь эх, Төр захиргааны хоёрдугаар байр, Жанжин клубт улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байгаа ч хүнгүй шахам өдрийг өнгөрөөдөг. Иргэд ганц газар цаг алдан хүлээж суух биш дээрх нэг цэгийн үйлчилгээнээс эд хөрөнгө, гадаад паспорт гэсэн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг авах боломжтой.
-Гадаадаас болон орон нутгаас хэрхэн захиалга өгөх вэ?
-Гадаадад суугаа иргэн тухайн газрын Элчин болон консул дээр очиж зураг даруулан системдээ бүртгүүлж захиална. Харин хүндэтгэх шалтгаантай иргэд эмчийн бичиг, итгэмжлэлээ үзүүлж мэргэжлийн зурагчнаар сүүлийн зургаан сарын дотор авахуулсан, цагаан фонтой, чих дух ил гарсан цээж зургийг тухайн газрынхаа Улсын бүртгэлийн хэлтэст өгч захиалах юм. Хөдөө орон нутгийн иргэд ч мөн адил Улсын бүртгэлийн хэлтэст очиж зураг даруулан бүртгүүлж захиална. Хүсвэл Улаанбаатарт ирж захиалах боломжтой. Өмнө нь алслагдмал газраас захиалаад шуудангаар хүргүүлэхэд хүлээгддэг байсан. Харин одоо гадаад паспортоо гар дээрээ авах хугацаа багасаж 3-5 хоногт гардаг болох юм. Орон нутгийн иргэд зардал, цаг хугацаа хэмнэж байгаа.
-Цахим гадаад паспорттой болох ажил эхэлсэн үү?
-Бүртгэлийн ажилтан зургийг дарж системд оруулснаар цахим гадаад паспортыг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа. Мөн хилээр цахим гарц буюу e-gate 15-20 cекундэд нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Өмнө нь “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дээр цахим гарц байхад QR код бүхий наалтыг паспортдоо нааж уншуулдаг байсан. Цаашид олон улсаас тавьж буй стандартыг хангаснаар өөрийн орны хилээс гадна бусад улсын хил дээрх цахим гарцаар нэвтрэх боломж бүрдэнэ. Улсын бүртгэлийн байгууллага ирэх жилээс хороо болгонд киоск машин ажиллуулна. Ингэснээр улсын бүртгэл, нийслэл, хороо, дүүрэг рүү очиж үйлчилгээ авах шаардлагагүй болно.
Б.Нарангоо
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин