Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт ажиллаа. Энэ үеэр 2021-2022 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд нэвтрүүлсэн эмчилгээ үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмжүүдийн хэрэглээнд нэвтэрсэн байдал болон улс орон даяар өрнөж буй Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн явцтай танилцлаа.
2021-2022 онуудад УХТЭ-т Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд Би-план ангиографи, мэс заслын үеийн рентген аппарат C Arm, Brain lab брэндийн чих хамар хоолойн дуран, Мэдрэлийн мэс заслын дуран, мэс заслын багажийн иж бүрдэл, дурангийн мэс заслын чулуу бутлагч, яаралтай тусламж болон эрчимт эмчилгээний багажийн иж бүрдэлтэй болсон байна.
Тус эмнэлэг нь 2019 онд улсдаа анхлан Эрүүл мэндийг дэмжих төвийг ашиглалтад оруулж байсан бөгөөд энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгээр 1200 гаруй иргэд хамрагдаад байна.
Өдөрт 30 орчим иргэд үзлэгт хамрагдаж байгаагаас 35 аас доош насны иргэдийн идэвх сул байна гэдгийг УХТЭ-ийн Амбулаторийн эрхлэгч Д.Солонго энэ үеэр хэллээ.
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ходоод, бүдүүн гэдэс, уушгийг дурандах үйлдэлтэй Olympus EXERA III дурантай болсон. Тэгвэл энэ талаар УХТЭ-ийн Дурангийн төвийн дарга, АУ доктор Т.Цэндсүрэн “ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар манайд суурилуулсан Olympus EXERA III дурангаар урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоо болон амбулатори, яаралтай тусламж шаардлагатай иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Дурангийн төвөөр өдөрт дунджаар 40-45 үзлэг хийж байгаа бөгөөд эрт илрүүлгийн үзлэгээр шинж тэмдэггүй ахимаг насны иргэдийн дунд улаан хоолойн ба ходоодны хавдар ихээр илэрч байна гэлээ.
Үүний дараа ЭМ-ийн Сайд тус эмнэлгийн Ангиографийн тасагт ажилласан бөгөөд энэ үеэр Засгийн газрын хөрөнгө оруулалтаар шинээр суурилуулсан SIEMENS брэндийн Би-план ангиографийн аппараттай танилцлаа. Тасгийн эрхлэгч В.Гантулга шинээр суурилуулсан энэхүү аппарат нь судсан доторх мэс засал, захын судасны ангиографийн төвөгтэй мэс ажилбарыг дэлхийн хөгжингүй орнуудын түвшинд хийх нөхцөл бүрдүүлснийг дурдаж суурилуулснаас хойш 20 орчим ажилбарыг хийгээд байна гэв.
Мөн 2021-2022 онуудад Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдсэн нэг томоохон ажил нь УХТЭ-т Харвалт болон Зүрхний шигдээсийн нэгж юм. Зүрхний шигдээсийн нэгж нь өнгөрсөн оноос хойш 1000 гаруй иргэнд ангиографи буюу судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан бол Харвалтын нэгж энэ оны 5-р сараас үйл ажиллагаагаа эхэлсэн хэдий ч 60 гаруй иргэнд харвалтын яаралтай тусламжийг үзүүлсэн байна.
ЭМЯ-наас төвлөрлийг бууруулж иргэдэд хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлийн хүрээнд өмнө нь зөвхөн Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийгддэг байсан мэдрэлийн дурангийн мэс засал, судсан дотуурх мэс засал, харвалт шигдээсийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай ангиогафийн оношилгоо эмчилгээг 6 аймаг, УНТЭ, УХТЭ-гүүдэд суурилуулахад 2021-2022 онуудад 10,8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг хийсэн билээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах чиглэлд Ангиографийн үндэсний багийг гарган ажиллаж, тус багийн анхлагчаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр тус баг нь Дорнод, Хэнтий аймгуудын ангиографийн эмчийг 6 сарын хугацаанд сургаж орон нутагт нь илгээсэн, мөн Ховд аймагт очиж сургалт хийж хамтарсан мэс засал хийсэн ба удахгүй Хэнтий аймагт очин сургалт хийж ажлын байран дээр нь эмч нараа чадавхжуулах ажил хийхээр төлөвлөж байгаагаа дурдлаа.
Одоогийн байдлаар нийт 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд ангиографийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нийтдээ 300 гаруй судсан дотуурх ажилбарыг амжилттай хийгээд байна.