Монгол улс цусны хавдартай өвчтөнд өөрөөс өөрт нь (ауто) цусны үүдэл эс шилжүүлэн суулгах өндөр технологийн эмчилгээг нутагшуулаад 8 жил болж байна. Одоо донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний талаар УНТЭ-ийн Цусны эмгэг чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч, АУ магистр Б.Алтаншагайтай ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Цусны эмгэг чөмөг шилжүүлэн суулгах төв хэчнээн эмчлүүлэгчдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна вэ?
Манай эмнэлэгт анх 2010 оноос үүдэл эс шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслөө хүний нөөцөө бэлдэх, чадварлаг, мэргэжлийн баг хамт олон бүрдүүлэх ажлаар эхэлж, насанд хүрэгчдийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах анхны баг байгуулагдсан. Тус баг нь цусны эмч мэргэжилтнүүдээс гадна, лабораторийн эмч мэргэжилтнүүд, халдвар судлаач, хоол зүйч эмч, сувилахуйн багийг хамруулан, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид 2014 онд БНСУ-ын Католик их сургуулийн Гэгээн Мариа эмнэлгийн цусны төвийн хамт олонтой хамтран Монгол улсдаа анх удаа цусны архаг хавдартай иргэнд ауто - цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байдаг. Ингээд 2015 оноос эхлээд Монголын эмч мэргэжилтнүүд өөрсдөө бие даан ауто - цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард 26 дахь эмчлүүлэгчдээ ауто- цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн.
-Цусны хавдрын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байна гэх мэдээлэл явах болсон. Та үүнд мэдээлэл өгнө үү?
Цусны хавдар маш олон төрөл. Үүнд цочмог, архаг, тунгалгийн булчирхайг хамарсан, ясны чөмгийг хамарсан гэх мэт байдаг.
Цочмог хавдар жилд ойролцоогоор 50-60 шинэ тохиолдол оношлогдож байна.Үүнд хавдрыг үүсгэгч хүчин зүйлүүд бидний амьдарч буй орчинд ихэссэнээс гадна манай улсын оношилгоо болон эмч нарын чадамж сайжирсантай холбоотой.
-Цусны хавдар юунаас болж үүсдэг вэ?
Цусны хавдар нь дөрвөн бүлэг шалтгаанаас үүсдэг.
Нэгдүгээрт биологийн шалтгаан буюу зарим вирус нь цусны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл ДОХ вирус, Эпштейн – Баррын вирүс, элэгний B,C вирус гэх мэт.
Хоёрдугаарт химийн хүчин зүйл буюу химийн бодисууд, ялангуяа ургамлын хортон шавж устгадаг пестицит, химийн эмчилгээ, дизель, бензинтэй ойрхон ажилладаг хүмүүс илүү өвдөх магадлалтай.
Гуравдугаарт физикийн хүчин зүйл, үүнд: туяанд олон жил ажилласан, туяа эмчилгээ хийлгэж байгаа, ионжуулагч цацрагтай удаан харьцдаг хүмүүс өвчлөх эрсдэлтэй.
Дөрөвдүгээрт удмын хүчин зүйл буюу цусны өвчнөөр өвдөх эгзэгтэй гентэй хүмүүс ордог. Удамын хүчин зүйл нь өвчин бүрт харилцан адилгүй байдаг.
-Үүдэл эс шилжүүлэн суулгаад 8 жил өнгөрсөн ч эмчлүүлэгчийн тоо яагаад ийм бага байна вэ?
Анх үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нутагшиж байх үед эмч мэргэжилтнүүдийн дадлага туршлага нэгэн хүчин зүйл болж байсан бол эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, дадал, ур чадвар сайжраад жилд бид дээд тал нь 7 тохиолдолд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийсэн. Энэ эмчилгээ нь хүний дархлааг сулруулдаг тул ариун өрөөнд хэвтүүлдэг. Дархлаа эрс суларсан өвчтөн цар тахлын үед ковидын халдвар авч, хүндрэх эрсдэлтэй тул 2020, 2021 онд энэ эмчилгээг түр зогсоосон. 2022 оноос үйл ажиллагаа маань жигдэрч одоо гурав дахь тохиолдлоо хэвтүүлэн эмчилж байна.
Цусны хавдар оношлогдогдож олон курс хими эмчилгээний дараа наамжмал байдалд орж, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийх хүртэл тодорхой хугацаа шаарддаг. Энэ эмчилгээг маш урт хугацааг зарцуулан хийдэг тул цөөхөн байхаас гадна чанарыг бид эрхэмлэн ажиллаж байна.
-Цусны хавдар өвчтэй бүх хүн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг уу?
Тэгэхээр бүх өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах боломжгүй. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийх олон улсын шалгуур байдаг. Энэ шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ. Жишээлбэл жилд лимфом гэдэг архаг хавдар ойролцоогоор 110 шинэ тохиолдол оношлогддог. Эхлээд өвчтөнд тодорхой давтамжтай химийн эмчилгээг хийж хянадаг. Ойролцоогоор 21-28 хоногт нэг курс хими эмчилгээ хийдэг. Дунджаар нэг эмчлүүлэгч 6 курс хими эмчилгээг хийдэг бөгөөд энэ нь дор хаяж 8 сараас 1 жил хүртэл үргэлжилдэг. Хими эмчилгээний дараа үүдэл эс шилжүүлэн суулгах шалгуур хангаж байвал үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр төлөвлөнө. Анх цусны хавдар гэж оношлогдсоноос хойш 6 курс хими эмчилгээнд зарим хүний хавдар дарагддаг бол зарим тохиолдолд хэсэг хугацааны дараа сэдэрдэг гэх мэт олон хүндрэл бэрхшээлийг даван, шалгуур хангасан нь шилжүүлэн суулгах эмчилгээндээ орох боломжтой болдог.
Түүнчлэн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгээд гарахад 45-60 хоног буюу 2 сар үргэлжилж болно. Бид ясны чөмгөнд байгаа үүдэл эсээ захын цус руу дайчлах эмчилгээ хийдэг. Дайчлах эмчилгээний үр дүнд үүдэл эс захын цуснаас эс шүүх аппаратын тусламжтай үүдэл эсийг шүүж, боловсруулан, -197 градуст хадгалдаг. Энэ ажилбар ойролцоогоор 21 хоног орчим үргэлжилдэг. Үүний дараа шүүж авсан үүдэл эсийг хүлээж авахад бэлтгэл болох өндөр тунгийн химийн эмчилгээг хийсний дараа, хөлдөөж хадгалсан үүдэл эсийг өвчтөндөө шилжүүлэн суулгадаг. Суулгаснаас хойш ясны чөмөг эргэн хэвийн байдалдаа сэргэх хугацаа багадаа 21-28 хоног. Анх оношлогдсоноос хойш химийн эмчилгээ, дараа үүдэл эсийн эмчилгээ хийлгэхэд маш удаан хугацааг зарцуулдаг болохоор жилд 6-8 тохиолдол хийгдэж байна.
-Баярлалаа.