Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай.
НИТХ-ын 2009 оны 4/27 дугаар тогтоолоор баталсан Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журмын дагуу замын байгууламж ашигласны төлбөрийг хурааж, Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д заасны дагуу авто замын санд төвлөрүүлж байна.
Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарч байна.
Тогтоолын төсөлд авто зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулахад эхний 15 минут үнэгүй, нэг цаг хүртэл 1000 төгрөг, хоёр дахь цагт 1500, гурав дахь цагт 2000, дөрөв дэх цагт 4500 төгрөг, дөрөв дэх цагаас хойш цаг тутам 4500 төгрөг байхаар тусгалаа.
Ийнхүү төлбөрийн хувь хэмжээг дөрөв дэх цагаас эхлэн цаг тутам 4500 төгрөгөөр тогтоох нь олон цагаар тээврийн хэрэгслийг авто зогсоолд байршуулахгүй байх, зогсоолын сэлгэлт сайжирч, хүртээмж нэмэгдэх, авто замын түгжрэлийг бууруулах нэг алхам болох юм. Түүнчлэн авто зогсоолын төлбөр нэмэгдсэнээр татвар төлөгчдийн мөнгөөр бус, авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар авто замын сүлжээний өргөтгөл шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэх юм.
Уг тогтоолын төсөлд иргэдээс https://ulaanbaatar.mn/votes холбоосоор санал авч байна. Тус тогтоолын төсөлд нэмэлт санал өгөх бол [email protected] цахим хаяг руу илгээх боломжтой.