Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдал, буцаан төлөлттэй холбоотой асуудлаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалаас тодрууллаа.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Одоо энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар явц байдалтай байна вэ?
Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн 20 гаруй мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас 6 прокурор хяналт тавьж ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш чанаргүй зээлтэй холбоотой асуудалд нийт 43 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зээл олгох үйл ажиллагаа холбогдох хууль болон дүрэм, журамд заасны дагуу явагдсан эсэх, эрх бүхий албан тушаалтан албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн эсэх зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлуудыг нарийвчлан шалгасан.
Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, нийт 87 хүн, 7 хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, Хахууль өгөх, Мөнгө угаах, Нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоо үлдсэн 28 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Дээрх эрүүгийн үүсгэж яллагдагчаар татсан 15 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад нэгтгэн шалгах үндэслэл тогтоогдсон 14 хэргийг нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулна.” гэж заасны дагуу 14 хэргийг нэгтгэж, нийт 2 мөрдөн байцаалтын хэрэг болж шалгагдсан.
Ажлын хэсгээс дээрх 2 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган, нийт 463 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус прокурорын газарт ирүүлсэн байгаа. Одоо прокурор хянаж байна.
Нийт 87 хүн, 7 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан талаар та хэллээ. Тэгэхээр ямар ямар албан тушаалтан яллагдагчаар татагдсан вэ, энэ талаар тодруулбал?
Тухайн цаг хугацаанд хашиж байсан ажил, албан тушаалын байдлаар нь авч үзвэл дээрх 2 хэрэгт улс төрд нөлөө бүхий 5, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 53, бусад төрийн байгууллагын албан тушаалтан 3, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 26 хүн яллагдагчаар татагдсан.
-Хөгжлийн банктай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэхэд ер нь дөхөж байгаа юм байна гэж ойлголоо. Одоо Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлт ямар байдалтай байгаа вэ, мөрдөн байцаалтын явцад буцаан төлөгдсөн зээл байгаа юу? Зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлөх баталгаа хэр байгаа вэ?
-Ер нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдэд Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд олгосон 2.3 их наяд төгрөгийн зээлийн асуудал шалгагдсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад буюу 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 778.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнээс нэр бүхий 14 аж ахуйн нэгж зээлийг бүрэн төлсөн бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ ойрын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн 11 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн өгөх замаар зээлийг эргэн төлөхөө илэрхийлсэн байгаа.
Мэдээж улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг ажиллагааг явуулсан. Тухайлбал, 250 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, газар, үйлдвэрийн болон оффисын зориулалттай барилга зэрэг 43 үл хөдлөх хөрөнгө, 18 тээврийн хэрэгсэл болон хүнд машин механизм, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тус тус битүүмжилсэн.
-Иргэд, олон нийтийн зүгээс хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашралтай байна гэж шүүмжилж байгаа. Энэ талаар тодруулбал?
-Дээрх хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа 8 сар, 18 хоног үргэлжилсэн. Удаан хугацаанд үргэлжилсэн шалтгаан нь: Нэгдүгээрт, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шалгах цар хүрээ өргөн, олон хүн, хуулийн этгээдийг холбогдуулан шалгасантай холбоотой. Мөн он цагийн дарааллаар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд хугацаа их зарцуулсан.
Хоёрдугаарт, мөрдөгч, прокурорын үйл ажиллагаанаас үл хамаарах зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаануудад хугацаа их ордог. Тухайлбал, дээрх хэргүүдэд нийт 62 удаа тусгай мэдлэг бүхий хүнийг шинжээчээр томилон, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээ тус бүрийг хийлгэхэд 2-165 хоногийг зарцуулсан.
Гуравдугаарт, хэрэг шалгах явцад хэргийн оролцогчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс прокурорт хандаж гаргасан 354 гомдол, хүсэлтийг шат шатны прокурорт гаргаж, тухай бүр хуулийн хугацаанд хянаж шийдвэрлэсэн.
Дөрөвдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч бүрт танилцуулах ажиллагаа хийгддэг. Энэ хэрэг нь олон холбогдогчтой, олон хавтас материалтай учраас энэ ажиллагаанд цаг хугацаа их орсон. Эндээс хэргийг шалгах цар хүрээ ямар өргөн хүрээнд байсан гэдэг нь харагдаж байгаа байх.
-Хэзээ хэргийг шүүхэд шилжүүлэх вэ?
Одоогоор хэргийг хянаж байгаа учир тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна. Прокурор хэргийг хянаж үзээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах зэрэг хуульд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргана.