Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах ОЛОН УЛСЫН эрдэм шинжилгээний хурал болж байна



Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэндийн өвчлөлийг бууруулах зорилгоор есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал зохион байгуулагдаж байна. 

Уг хурлыг ЭМЯ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний төв-II, Амгалан амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Хүрээ амаржих газар хамтран зохион байгуулж байна. 

Хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөлгч Калид Шарифи, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Амгалан амаржих газрын ерөнхий захирал Ц.Батболд болон АНУ, БНСУ, Тайвань зэрэг орнуудын 10 гаруй эрдэмтэн, судлаач, докторуудаас гадна салбарын 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Хурлын үеэр гадны шилдэг эмч, докторууд Монгол эмч нартай судалгаа, шинжилгээний үр дүнгээ хуваалцах, технологи хөгжүүлэлтээ хуваалцах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

"2030 он гэхэд эхийн эндэгдлийг 100 мянгад 20 болгож бууруулахыг зорьж байнаArslan.mn

Арга хэмжээг нээж, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хурлаар 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, эх нялхсын эндэгдлийн асуудал болон хүүхдийн эх барихын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр олон улсын хамтарсан хурал зохион байгуулж байна.

Хурлын үр дүнд тодорхой зөвлөмжүүд гарна. Зөвлөмжүүдийг ЭМЯ-ны бодлогын бичиг баримтад тусгаж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод 2030 онд бүх улс орнууд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25 ба түүнээс доош, нярайн эндэгдлийн түвшинг 12 ба түүнээс доош,  эхийн эндэгдлийн харьцааг 70 ба түүнээс доош болгон бууруулах зорилт тавьсан.

Бид өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрсэн. Гэхдээ Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”-д  нялхсын эндэгдлийг  9  (1000 амьд төрөлтөд) болгон, эхийн эндэгдлийн харьцааг 20 болгох зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдээд явж байна.

Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байгаа. Учир нь аливаа улсын хөгжлийг Эх хүүхдийн эрүүл мэндээр  үнэлдэг.   Эх хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг үндсэн индекс болдог учраас  энэ салбарт  бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тийм ч учраас ЭМЯ-ны зүгээс  сүүлийн 2 жилийн хугацаанд эх барих, хүүхдийн чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг  эрчимтэй хийсэн.  Мөн хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж байна” гэлээ. 

"Гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгахад анхаарч, эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө"

Arslan.mn

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Калид Шарифи : 

Эх, хүүхдийн эрүүл мэнд нь нийгмийн гол асуудал юм. Эхийн эндэгдлийг бууруулахад эрүүл мэндийн салбар, төрөлжсөн төв эмнэлгүүд анхаарч ажиллаж байгаад талархалтай байна. Эхийн эндэгдэлд гэр бүл төлөвлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ялгавартай байдал, жендерийн тэгш бус байдал зэрэг нь нөлөөлж, суурь үзүүлэлт болж өгдөг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хөгжингүй орнуудад энэ төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд маш чухал ач холбогдолтой.  Өөрөөр хэлбэл дэлхий нийтээрээ судалгаа, шинжилгээний ажилд анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч байна. Үүн дээр тулгуурлан салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх ёстой. Судалгаа, шинжилгээний хувьд гэр бүл төлөвлөлт, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад анхаарч эрдэм шинжилгээний ажлуудыг тогтмол хийх нь зөв ажлаа зохион байгуулахад үр дүнгээ өгнө. 

"Жирэмсний хяналтад эрт орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл болдог"

Arslan.mnЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа:

Монгол Улсад сүүлийн жилүүдэд эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурч байна. Ковид-19-ын шалтгаантай эх, хүүхдийн эндэгдэл тэр дундаа эхийн эндэгдэл өссөн. Гэвч Ковид-19-ын үед маск зүүх зэргээр ариун цэврийг сайтаар сахиснаар эсрэгээр хүүхдийн өвчлөл буурсан сайн үзүүлэлтэй байгаа.

Харин Ковид-19-өөс хойш эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой хэмжээнд буурч байна.

Монгол Улс хөл хориог цаг тухайд нь зөв авсны үр дүнд олон улсад эхийн эндэгдэл их байгаа боловч манайд бага буюу 48 эхийн эндэгдэл гарсан үзүүлэлттэй байна.

Эх, нярайн эндэгдлийг бууруулахад, 

  • Нэгдүгээрт, жирэмсний хяналтад эрт  орох нь эх, нярайн эндэгдлийг бууруулах хамгийн гол хүчин зүйл болдог.
  • Хоёрдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээллийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй.

"Олон улсын эрдэм шинжилгээний хурал эх барих судлал, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилж байна"

Arslan.mn

Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ерөнхий захирал Ц.Батболд:

Олон улсын хурал “Урьдчилан сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь”  сэдвийн хүрээнд явагдаж байна. Хурлын хувьд эх барих судлал, эмэгтэйчүүд, хүүхэд, нярай гэсэн 4 салбар хуралдаанаар үргэлжилж байна.  Хурлаар сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг хэрхэн бууруулах чиглэлээр санал солилцож байгаагаар ач холбогдолтой. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2023,  “Алсын хараа-2050”-д эх, нярайн эндэгдлийг бууруулах, эрүүл амьдралыг дэмжих, дундаж наслалтыг уртасгах  зэрэг маш олон зорилт тавьсан.  Энэ хүрээнд оношилгоо, эмчилгээний талаарх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг танилцуулж, үр дүнг эмнэлзүйд нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч судлаачидтай санал солилцоно. Хурлын үр дүнд тодорхой хэмжээний шийдэл, үр дүн гарах болно.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ