Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс элэгний С вирусын эмийн хайрцаг дутамд 210 мянган төгрөг хөнгөлөх шийдвэр гаргасан. Үүн дагуу 2016 оны есдүгээр сарын 9-нөөс эхлэн элэгний С вирусын таван төрлийн эм худалдаж авсан иргэдийн нөхөн олговорт 1,4 тэрбум төгрөг нөхөж огохоор болжээ.
Хэрэв та энэ хугацаанд эм худалдаж авсан бол иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн үйлчлүүлсэн байгууллагаасаа хөнгөлөлтөө авах юм байна. Одоогийн байдлаар элэгний С вирусын эм худалдаж авсан нийт 6425 хүн байгаа бөгөөд нөхөн олгох мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эм ханган нийлүүлэх байгууллагуудаар дамжуулан олгох аж. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр шилжүүлэн тооцуулах боломжтой. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаар буюу хоёр сая төгрөгөөс давсан шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч бол гэр бүлийн өөр нэг гишүүний хүсэлтээр шилжүүлэн, эмийн хөнгөлөлтөд хамрагдаж болно гэсэн үг.
Хөнгөлөлтөд хамрагдах эмийн жагсаалт
АНУ-ын Mylan компанийн бүтээгдэхүүн “Ледвир” эм. /”Монгол эм импекс” ХХК/
АНУ-ын “Gilead Sciense” компаниас гаргасан “Харвони” эм. /”Омбол” ХХК/
Энэтхэгийн "Hetero Drugs Limited" эмийн үйлдвэрийн "Ледифос" эм. /"Ази фарм" ХХК/
Энэтхэгийн “Натко” компанийн бүтээгдэхүүн “Хепсинат-ЛП” эм. /”Омбол” ХХК/
Энэтхэгийн "Strides Shasun" компанийн үйлдвэрлэсэн "Вирпас" эм. /”Монос” ХХК/