Хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн хүсэлтийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн Монгол Улсаас мах импортлох хүсэлтэй оросын аж ахуйн нэгж, иргэдийн эрэлт, хэрэгцээ байгаа эсэх, мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэхээ илэрхийлжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын селекцийн үр тарианы сорт тариалах, нутагшуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой хэдий ч санхүүгийн эх үүсвэр тодорхой бус байгаа. Иймээс Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор хүсэлт гаргавал Засгийн газар нь хэлэлцэх боломжтойг Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв албан тоотдоо өгүүлжээ.
Харин ОХУ руу экспортоор гаргаж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тус улсын нутаг дэвсгэрт түр хадгалах агуулахын тоог нэмэгдүүлэх талаар хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн холбогдох байгууллагуудад хандах нь илүү үр дүнтэй, энэ чиглэлээр яам шаардлагатай дэмжлэг үзүүлэх болно гэсэн байна.
Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно
Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, ХААИС, Экобус авто үйлдвэр бага оврын тракторт угсардаг цас цэвэрлэгч, дүүжин төхөөрөмж, машинд суурилуулдаг хүрз, цэвэрлэж ачих төхөөрөмж, шанагат ачигч, цас түрэгч, цасны комбайн зэргийг санал болгожээ.