Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.12.22/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад 60.4 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүд санал хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхэлж хэлэлцэх, гэхдээ байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэний дагуу хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Ингээд уг саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн. Гэвч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уг асуудлыг нээлттэй хэлэлцэх, нөгөө талаар Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн бичиг баримтыг бүрнээр нь авч танилцах шаардлагатай байгаа тул УИХ дахь АН-ын бүлэг тогтоолын төслийг хэлэлцэх асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Харин хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тогтоолын төсөл нь нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн баригдсан тул АН-ын бүлэг чуулганы үдээс хойших хуралдаанаас өмнө холбогдох материалуудыг судалж танилцах нь зүйтэй байна, мөн Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт, тус банкны талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төсөл нь хоёр тусдаа асуудал гэдгийг гишүүдэд сануулав.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа
Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Харин чуулганы энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогцолмаа, Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд бүрэлдэхүүнд нь орж ажиллажээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь хийсэн юм.
Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн төсөлд тусгасны зэрэгцээ хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зарчмын зөрүүтэй саналууд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын дагуу хураалгах саналуудыг тус тус бэлтгэсэн болохыг тэрбээр танилцуулав.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлахад, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийх явцад Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох санал оруулж ирсэн байсан ч хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж он дуусахад цөөн хоног үлдлээ, гэтэл хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хэд хэдэн журам гаргах шаардлагатай юм байна, иймээс ажлын хэсэг хуулийн дагаж мөрдөх боломжит хугацааны талаар дахин ярилцаад саналаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн чиглэл өгөөд энэ талаархи санал хураалтыг түр хойшлуулсан юм. Иймээс Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь нь дэмжив.
Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах, мөн 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм. Мөн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.
Дараа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх зохицуулалтын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Ш.Раднаасэд, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Ингээд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар Байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.2-87.5 хувийн саналаар дэмжигдэж хуулийн төслүүд батлагдлаа.
Хилийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хорооны тогтолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс гаргасан саналыг судалж нягтлан хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэснийг өчигдөр үдээс хойш хуралдсан Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан. Мөн УИХ-ын гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм.
Эх сурвалж : Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс