Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нар хүнсний үйлдвэрийн салбарынхантай уулзаж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “Витафит” групп, “Түмэн шувуут” ХХК зэрэг аж ахуйн нэгж, мөн НҮБ-ын Хүүхдийн сан, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэлэв. Тэрбээр “УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Батзориг бид гурав Баяжуулсан хүнсний тухай хууль санаачилан боловсруулсан. Хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хуулийн төсөлд зайлшгүй саналаа хэлэх ёстой хүмүүс нь хүнс үйлдвэрлэгчид та бүхнийг гэж ойлгож байгаа. Тиймээс өргөн барихаас өмнө та бүхний саналыг авч тусгах шаардлага байна. Энэ он дуусахаас өмнө хуулийн төслөө өргөн барихаар шахуу ажиллаж байгаа” хэмээн хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод хуулийн төслийг тараан өгч, саналыг нь сонссон юм. Хүнсийг баяжуулахад тулгамдаж буй бэрхшээлүүд, төрийн дэмжлэг дутмаг байдал, судалгааны лабораторийн хүрэлцээ, чанар, баяжуулсан хүнсэнд тавих лабораторийн байнгын хяналт зэрэг сэдвээр оролцогчид саналаа хэлэв. Түүнчлэн оролцогчид уг хуулийг амьдралд хэрэгждэг хууль болгохын тулд маш сайн судалгаа хийж, чамбай төсөл боловсруулах ёстой гэдэгт санал нэгдэж, зарим нэр төрлийн хүнсийг заавал баяжуулдаг байхаар тусгаж өгөх нь хуулийн амин сүнс болно хэмээн онцлон хэллээ.
Оролцогчид хуулийн төсөлд бичгээр мөн саналаа өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.