Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд нийслэлийн өдөр тутмын мэдээ мэдээлэл, түүх, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх чиглэлээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол, Орос, Англи, Хятад, Япон хэлээр гардаг www.montsame.mn цахим хуудсаар дамжуулан дотоод болон олон улсад мэдээлнэ. Мөн англи хэл дээрх "The Mongol Messenger" сонин, "Mongolia Today" сэтгүүл, "Новости Монголии", "Монголын мэдээ", "Монгорү цүүшин", “Хүмүүн бичиг” зэрэг долоо хоног тутмын сонингоор дамжуулан мэдээлэх юм байна.
Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараагаар нийслэлийн Засаг дарга “95 жилийн түүхтэй, монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон мэдээллийн ууган байгууллагад зочилж байгаадаа баяртай байна. МОНЦАМЭ агентлаг бол зөвхөн улс, нийслэлийн хэмжээнд ажиллах бус Монгол үндэстнийг дэлхий нийтэд таниулах дуу хоолой, гүүр болж ирсэн байгууллага. Нөгөөтэйгүүр Монгол Улсын бүхий л статистик үзүүлэлтийн 50-70 хувь нь Улаанбаатар хоттой шууд холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын тухай мэдээллийг дэлхий нийтэд хүргэх нь Монгол Улсыг танилцуулахтай агаар нэг юм. Тиймээс нийслэлийн ЗДТГ болон МОНЦАМЭ агентлаг хамтран ажиллах нь зүй ёсны асуудал билээ. Мөн энэ байгууллагад чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин ажилладаг тул хотын өмнө тулгамдсан, хийж бүтээж буй ажлуудыг дотоодын төдийгүй дэлхийн сонорт хүргэх боломжтой. Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон улстай хамтран ажиллахад МОНЦАМЭ агентлаг гол гүүр нь болно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.