“Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын дагуу “Глоб интернэшнл төв”, Нээлттэй нийгэм форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр "Хожимдоогүй" хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.
Сүүлийн арван жилийн дотор дэлхийн дээр 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан олон нийтэд мэдээлэл хүргэхээр ажиллаж байхдаа амиа алджээ. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийн 90 хувь нь хуулийн хариуцлага хүлээдэггүй гэсэн судалгааг “Сэтгүүлчдийг хамгаалах хороо” гаргасан байна.
Харамсалтай нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийн талаар тоо, баримт, нарийвчилсан судалгаа байхгүй аж.