Шадар сайдын харьяа байгууллагууд 100 дахь ажлаа тайлагнав.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ДАРГЫН ҮҮРЭГТ АЖЛЫН ХҮРЭЭНД ОБЕГ-ЫН ЧИГЛЭЛЭЭР:
- Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны 7 дугаар сард болсон үерийн хор уршгийг цаг алдалгүй арилгаж иргэдийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэв.
- 2016 оны эхний хагас жилд гарсан ой хээрийн түймэр, хүчтэй шуурганы улмаас Баянхонгор, Дорнод, Сүхбаатар аймгийн орон гэргүй болсон айл өрхөд улсын нөөцөөс 100,0 сая төгрөгийн өртөг бүхий 40 гэр олгов.
- Улс орны хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хариуцан ажиллаж бэлтгэлийг зохих түвшинд хангууллаа.
- Баруун аймгуудад гарсан бог малын өвчний тархалтыг зогсоож 10,2 сая малыг вакцинжуулж дуусав.
- Улсын Онцгой комисс, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулав.
- Онцгой байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах анхны жижиг оврын хиймэл дагуул хөөргөх асуудлыг шийдвэрлэв.
- Иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах мэдлэг дадлага, насан туршийн боловсролтой болгох зорилго бүхий “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгов.
- 2016 оны эхний хагас жилд тохиолдсон зуд, ой хээрийн түймэр, хүчтэй шуурганы улмаас хохирсон орон нутгийн иргэдэд нөхөн олговор олгох, орон гэргүй болсон айл өрхөд гэр олгох ажлыг зохион байгуулав.
- “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны цар хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах, бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг багасгах зорилготой “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ыг 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.
- НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хэрэгжүүлж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотууд” уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэж, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Тогтвортой, гамшигт тэсвэртэй хот бий болгох” төсөлд Улаанбаатар хот хамрагдахаар боллоо.
- “Гамшгийн эрсдэлийг бууруулахад статистик тоо мэдээлэл боловсруулах, солилцох тогтолцоог сайжруулах”, “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас урьчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх”, “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлхээр тохиролцов.
- БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Онцгой байдлын албанд нийлүүлж байгаа ой, хээрийн гал түймэр унтраах автомашин, тоногтөхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төсөл”-ийн гэрээний дагуу нийлүүлэгдэх 1,2 сая доллар буюу 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 автомашин, 30 тоног төхөөрөмж, 2400 ширхэг багаж хэрэгслийг Төв, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Баянхонгор аймгийн болон нийслэлийн Багануур дүүргийн гал унтраах ангиудад хуваарилж, холбогдох сургалтуудыг зохион байгууллаа.
- Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албан хаагчдын 72 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
- Орхон голын бохирдлын асуудлаар МХЕГ-аас хяналт шалгалт хийж байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, буруутай этгээдээр хохирлыг барагдуулах, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авав.
- Мал, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын хорио цээрийн албаны удирдах албан тушаалтнуудтай уулзаж Монгол Улсын өмнөд хилийн дагуу 3 боомтоор мал, мах, малын гаралтай түүхий эд экспортлох тохиролцоонд хүрэв. Гэвч манайд малын өвчин гарсны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалтай байна.
- Хөдөө орон нутагт ажиллах явцдаа аймгуудын мэргэжлийн хяналтын болон хилийн мэргэжлийн хяналтын албаны үйл ажиллагаатай танилцаж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн уурхайгаас засмал зам хүртэлх 13.4 км зам тавиулах асуудлыг шийдвэрлэлээ.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ САЛБАРААР:
- Иргэд, хэрэглэгчдэд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгөх, тэдний өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн төв 1800-1284”-ийг байгуулах шийдвэр гаргав. Мөн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын дэргэд хэрэглэгчийн санал гомдлыг шийдэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлж цаашдаа улсын хэмжээний нэгдсэн сүлжээ бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР:
- Монгол Улс Европын холбооны стандартын байгууллагын хамтрагч гишүүн болов. Хамтрагч гишүүн болсноор Европын холбооны бүх стандартын техникийн хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж улмаар СХЗГ нь монголын бизнесийн эрхлэгчдийн үйл ажиллагааг цахилгаан техникийн олон салбар чиглэлийн стандартаар хангах эрх нээгдэв.
- Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2017-2019 онд хэмжил зүйн салбарт 600 мянган еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр тохиров.
Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүрээнд:
- “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, “Хэмжил зүйн тухай”, “Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Онцгой байдлын албаны тухай анхдагч хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгов.
ЧӨЛӨӨТ БҮСИЙН АСУУДЛААР:
- Чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдалд судалгаа хийж “Замын Үүд”-ийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж үзэн БНХАУ-ын талтай хил дамнасан чөлөөт бүс байгуулах талаар яриа хэлэлцээ хийж байна.
Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх нь өөр танхимд мөн Шадар сайдын үүргийг гүйцэтгэж байхдаа эхлүүлсэн ажлаа өнгөрөгч 100 хоногт гүйцээж хэрэгжүүлсэн нь харагдаж байна. Тухайлбал Онцгой байдлын албан хаагчдын 72 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан, Онцгой байдлын албанд БНХАУ-ын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээн авсан, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотууд” уриалгад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдсэн зэрэг хэд хэдэн ажил байгаа юм.