Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очин эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа. Мөн тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт 2016 оны 12 дугаар сарын 26-нд эмгэнэлийн захидал илгээжээ. Захидалд,
“Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга эрхэмсэг ноён Дмитрий Анатольевич Медведев Танаа, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны цэргийн нисэх хүчний ТУ-154 онгоц осолдож 92 иргэн амь үрэгдэж, оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз учирсан мэдээг гашуудан хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.
Хүндэтгэсэн, ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ” гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.