УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүлэв



Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.27/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Н.Энхболд нар өргөн мэдүүлэв. 
Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарчээ. Иймд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Сарангэрэл нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тоггоолын төслийг санаачлан боловсруулсныг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. 
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам. дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна.
 
Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай тогтоолын төслийн талаар аймгуудын иргэдийн хурлын Төлөөлөгчид, Засаг дарга нар, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулж зарим саналыг төсөлд нэгтгэн тусгасан гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд төсөл өргөн мэдүүлэх үеэрээ Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 
Эдгээр хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж, хууль хоорондын уялдаа холбоо хангагдах аж. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болох юм байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нар санаачлан, Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн санал, зөвлөмж, мэргэжилтнүүдийн саналуудыг тусган боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Ингэхдээ олон намын төлөөлөлтэй байсан Улсын Их Хурал зөвшилцлөн гаргасан Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусган 14 бүлэг, 104 зүйлтэй төсөл боловсруулсан аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ