УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн төслүүд өргөн мэдүүлэв



Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулиудын төслийг өргөн мэдүүлэв. 
2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулан хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Нийт 9 бүлэг, 55 зүйлтэй тус хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалах зарчмыг баримталсан болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболдод танилцуулсан юм. 
 
Мөн хүнийг хэлмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус, алдаа дутагдалтай үйл ажиллагаа, авилгыг илчлэх, ийм төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр хамгаалагдсан шүүмжлэгчийн эрхийг баталгаатай хамгаалах механизм бүрдэх аж. 
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Монголын хүн амын дийлэнх олонхи болсон залуучуудын улстөрийн ухамсар, улстөрийн үйл байдал, чиг хандлагыг ардчилсан нийгмийн үнэт зүйлс, харилцааны шинэ хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх, зарим ардчилсан улс орнуудын жишгийн дагуу Улсын Их Хуралд залуу нэр дэвшигчдийн квотыг бий болгох, залуу үеийн улстөрийн бодит оролцоог бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилан боловсруулснаа мөн өргөн мэдүүлсэн юм. 
 
Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх зорилгоор хот, суурин газарт инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, дэд бүтэц, үйлдвэр, үйлчилгээний хамтын өмчлөл бүхий бүтцийг бий болгох, гэр хорооллын хөгжил, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулах зорилго бүхий Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ