Монгол банкнаас гаргасан судалгаагаар 2016 оны 11 сард 1072 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 88555-д хүрчээ.
Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3,979.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3,082.9 тэрбум төгрөгийн зээл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна.
Шинээр олгосон зээл өмнөх сараас 86.5%-иар, төлөгдсөн зээл 14.7%-иар тус тус өссөн байна. Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 9.2%-тай байлаа. Тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хугацаа 18.8 жил байна.
Нэг зээлдэгчид ногдох тухайн сард олгосон зээлийн хэмжээ дунджаар 60.3 сая төгрөг хүрч өмнөх сараас 8.7сая төгрөгөөр өссөн байна.
Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.1%, чанаргүй зээл 1.3%-тай байна.
Тайлант сард шинээр олгосон зээлийн 78.4 хувь буюу 50.7 тэрбум төгрөг нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 21.6 хувь буюу 14.0 тэрбумтөгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна.
Тухайн сард олгосон зээлийн дийлэнх буюу 35.6 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон байна. Харин нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 71.9 хувь нь 16-20 жил, 17.0 хувь нь 11-15 жил, 9.1 хувь нь 6-10 жил, 1.6 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.