УИХ-ын дарга М.Энхболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулж үг хэллээ



УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож буйтай холбогдуулж үг хэллээ.

Тэрбээр, "Өнөөдөр буюу 12 дугаар сарын нэгэн бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Тиймээс эрхэм төрийн түшээд та бүхний анхаарлыг энэ асуудалд хандуулъя гэж бодлоо.

Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20 гаруй жил болж байна.

Бидний амьдарч буй энэ цаг үед тохиосон “чимээгүй тахал”-тай дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь төдийлэн буурахгүй байгаа юм.

2016 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Улсад ДОХ-ын 219 тохиолдол бүртгэгдсэнээс 35 нь нас баржээ. Нийт тохиолдлын 62 хувийг 25-35 насны залуу, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар дамжсан гэсэн статистик гарсан байна.

Монгол Улс 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалт дээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, Хүний дархлал хомсдолын вирусийн халдварыг цусаар болон эхээс урагт дамжуулахгүй байх амлалт авч байснаа өнөөдрийг хүртэл биелүүлж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл ийм тохиолдол Монголд бүртгэгдээгүй байна. Хүний дархлал хомсдолын вирусийн тархалт манай нийт хүн амын дунд 0.1 хувиас бага байна. Энэ нь ДЭМБ-ын ангиллаар манай улс халдварын тархалт багатай орны тоонд багтаж байна гэсэн үг. Гэхдээ бид тайвширч болохгүй.

Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна нэг хором ч үлдээж болохгүй юм.

Юуны өмнө иргэддээ эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох, ялангуяа хүүхэд залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар насны онцлогт нь тохирсон боловсрол эзэмшихэд нь туслах явдал нэн чухал байна. Иргэдээ үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах, архидан согтуурах, хар тамхи хэрэглэх, биеэ үнэлэх зэрэг гаж үзэгдлээс хамгаалах нь төр, засгийн болон бүх шатны байгууллага, иргэн болгоны үүрэг, ирээдүйн өмнө хүлээх хариуцлага юм.

Манайд “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсад ХДХВ/ДОХ-той тэмцэх үндэсний стратеги” гэх мэт батлан гаргасан хөтөлбөр арга хэмжээ цөөнгүй бий. Гэхдээ энэ ажил зөвхөн “Глобаль” сан, төрийн бус цөөн байгууллагуудын үүрэг мэтээр явж ирснийг нуух хэрэггүй. Нэгэнт батлан гаргасан хөтөлбөр, зорилтоо хэрэгжүүлэх, аюулт өвчнөөс ард иргэдээ хамгаалах ажил илүү өргөн хүрээтэй, далайцтай байх ёстой. Тиймээс Засгийн газрын хүлээх үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгох талаар саяхан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр хөндөгдсөнийг анхаарах ёстой.

НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудал туссан. Энд Монгол Улсын, монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай.

НҮБ-аас өнөөдрийг “Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх арга Та бидний гарт” уриан дор тэмдэглэхээр болжээ.

Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар төр, түмнээ төлөөлсөн Эрхэм гишүүд та бүхэн ихийг хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэндээ, нийт иргэддээ сайн сайхныг, эрүүл энхийг хүсье" гэжээ.   

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ