Бид бүгд нэгэн хэвийн хэлбэр, хэмжээтэй гар утас ашигласаар ирсэн гэдэгтэй та бүхэн санал нийлж байна уу? Нугастай, мэдрэгчтэй, мохоо булантай эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй, хэмжээний хувьд гарын алга шиг, түүнээс ялимгүй том эсвэл жижгэвтэр гар утсыг бид барьсаар ирсэн. Гар утсыг зөвхөн тоглоом эсвэл хөгжим сонирхогчдод зориулан хийсэн нь ч бий.
Харин ухаалаг гар утас бий болсноос хойш бид шоколад шиг хэлбэртэй гар утас барьсаар байна. Мэдээж, бидний өнөөдрийн барьж байгаа ухаалаг гар утаснууд “Sidekick” эсвэл “Blackberry” загварын гар утастай харьцуулахад хэний ч төсөөллөөс давсан хүчин чадалтай. Гэхдээ загвар дизайны хувьд биш шүү. Бид гар утасны гоо зүй дизайны шинэчлэлийн асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь харагдаж байна.
Ийм байдал 2018 оноос өөрчлөгдөж магадгүй.Өмнөд Солонгосын мэдээлэл технологийн “ET News” цахим хуудсанд саяхан мэдээлснээр, LCD дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “LG Display” компани 2018 оноос худалдаанд гарах ухаалаг гар утаснуудад зориулан эвхэгддэг дэлгэц үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. Apple, Google, болон Microsoft компаниуд ч мөн адил ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бололтой. Ийм бүтээгдэхүүн 2018 оноос хэтрэхгүйгээр зах зээлд нэвтрэх төлөвтэй байна.