Өнгөрөгч баасан гариг буюу 9-р сарын 9-ний өдөр Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд баривчилжээ. Зарим эх сурвалжийн мэдээллэснээр, Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорих захирамж гаргасан байна. Т.Дорждэрэмийг Төрийн банкны захирлын орлогчийн албан тушаал хашиж байхдаа их хэмжээний найдваргүй зээл олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх ба түүний учруулсан хохирлыг аудитын болон шинжээчдийн дүгнэлтээр тогтоох аж. Түүнчлэн уг хэрэгтэй холбогдуулан тус банкны хэд хэдэн албан тушаалтныг баривчилж болзошгүй байгаа юм.
Төрийн банк нь Зоос болон Хадгаламж банкны суурин дээр байгуулагдсан төрийн өмчит банк бөгөөд Монгол улсын банз санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.