"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаан 20 дахь жилдээ шилдгээ тодруулав



МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг "Монголын сайхан бичигтэн"  Улсын уралдаан 20 дахь жилдээ  шилдгүүдээ тодруулав.

Биднийг нэгтгэж, эв эеэ хичээхийг үргэлж сануулж, нэгэн үндэстэн, тусгаар улс юм шүү гэдгийг хэл, соёл маань харуулж байдаг.

“Монголын сайхан бичигтэн” уралдааны тэгш ойн энэ жил долоон ангилалд 700 орчим уран бичигтэн өрсөлдөв. Үүнээс үзэхэд жил ирэх тусам Үндэсний бичиг соёлоо дээдлэгч хүүхэд, залуус нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд  Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, "Хүмүүн бичиг сонин"-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа болон  нэрт судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирэв.

Тус уралдаанд аймаг, сумд, есөн дүүргээс олон зуун сайхан бичигтэн оролцсон бөгөөд Баянхонгор, Төв,  Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн байв.

Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн балчир нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн 4-ын "Г"  ангийн сурагч Э.Тэмүүжин, Нийслэлийн  Нэгдүгээр сургуулийн 4-ын "Г" ангийн сурагч Г.Батмөнх нар байлаа. 

“Монголын сайхан бичигтэн 2016” улсын уралдааныг нээж “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, “Үндэсний хэл соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Бид мартаж болохгүй баян тансаг эх хэлнийхээ эзэд нь байх ёстой” хэмээв.

Ийнхүү морин хуурын аялгуу, уртын сайхан дууны айзам эгшиг “Соёлын өвийн төв”-ийн “Уран зургийн галлеррей”-д эгшиглэж уралдаанд байр эзэлсэн оролцогчдод  шагнал гардуулав.

Уралдааны шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори Нэгдүгээр сургуулийн 12-ын "В" ангийн сурагч Ө.Ундармаа, Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12-ын "О" ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12-ын "В" ангийн сурагч Ц. Бадамцэцэг нар тодорч  МУИС, МУБИС-д Төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.  

Мөн энэхүү уралдааны түүхэн 20 жилийн хугацаанд гадаадын цөөнгүй оролцогч бүтээлээ ирүүлсэн байдаг. Энэ жилийн хувьд Япон Улсын иргэн Шимимура Шо оролцов.

Тэрээр Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн гуравдугаар дамжаанд сурдаг. Өнгөрсөн жил тус уралдааны насанд хүрэгчдийн ангилалд тусгай байр эзэлж байв. Мөн түрүү жил шинээр нэмэгдсэн хамгийн олон оролцогчтой нэг төрөл нь "Сайхан бичигтэн анги” шалгаруулав. Багш сурагчдын хамтын хөдөлмөр зүтгэлийг тодорхойлдог энэ ангилалд өнөө жил 80 гаруй анги хамт олон бүтээлээ ирүүлснээс Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 11-ын "Б" анги тэргүүн байрын эзэд боллоо. 

Өсвөр залуу үеийн монгол бичгээ сурах сонирхлыг бадраах, үндэсний бичиг үсгээрээ бахархах, Монгол бичгээ төгс эзэмшигчийг алдаршуулж урамшуулах зорилгоор зохион байгуулдаг "Сайхан бичигтэн" улсын уралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа, Ерөнхий сайд 14 удаа хүрэлцэн ирж уралдааны шилдгийн шагналыг гардуулдаг уламжлал тогтсон. 

Хамгийн анх 2000 онд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Боловсролын сайдын хамт  ирж сайхан бичигтнүүдийн шагналыг гардуулж байсныг  дурдууштай. 

Уралдааныг “Жейм интернэйшнл” ХХК  долоо дахь жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаад МОНЦАМЭ-гийн хамт олон талархаж байдаг. Тус уралдааны “Уран бичлэг”, “Мэргэжлийн багш”, “Сайхан бичигтэн анги”, “Бүтээл” ангиллуудад тэргүүлсэн оролцогчдыг гадаадад аялах эрхээр урамшуулдаг билээ. 

Энэ удаад 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан тус сониныг бүтэн жил үнэ төлбөргүй захиалж унших эрхээр 20 оролцогчийг шагнаж урамшуулав.

Нэр хүндтэй шагналын эздээр тодорсон сайхан бичигтнүүд болон хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлийг уншигчад хүргэе.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь:

-Монгол хүний бусдаас ялгарах нэг онцлог бол бичиг, соёл. Ялангуяа бид дэлхийд ганцхан босоо бичгийг өвлөж авсан азтай хүмүүс.

 Ерөөс үндэстний оршин тогтнох тулгуур багана бол тухайн орны хэл. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Би Монгол бичгийг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололттой холбон цахим ертөнцөд чөлөөтэй хэрэглэх бааз суурийг бүрдүүлэхэд яамны зүгээс анхааран ажиллана.

Төрөл бүрийн ном, сурах бичиг монгол бичгээр хадгалагдан үлдсэн байдаг. Энэ бүгдийг цахимжуулах, түгээн дэлгэрүүлэх, кирилл бичигтэй харилцан хөрвөдөг болгох зэрэг нарийн ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Өмнө нь ШУТИС-тай хамтран монгол бичгийн программ бүтээж байлаа. Тухайн үед монгол бичгийн юникодын асуудал ихээхэн бэрхшээлтэй байсан. Тиймээс цаашид үндэсний хэмжээний бичгийн юникодтой болох тал дээр монгол бичгийн мэргэжлийн салбарын хүмүүстэй хамтран ажиллах бодолтой байна.

УИХ-ЫН гишүүн Д.Ганболд:

-Өнөөдөр Монголын залуус босоо бичгээ мартсан гэж ихэнх хүмүүс ярьж, хэлэх болсон. Гэхдээ хүн мэдэхгүйгээ хамаагүй шүүмжилж болохгүй. Би энд ирээд ганц л зүйлийг хараад баярлаж байна. Эх хэлээрээ зөв сайхан, уран тансаг бичдэг бүхэл бүтэн хойч үе төрөн гарч байгаад сэтгэл өндөр байна. Бидний хойч үе монгол бичгээ хэзээ ч мартаж орхигдуулахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй боллоо. Үнэхээр өөрсдийн хэл соёлоо цаашид илүү их түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа бол төрөөс нарийн бодлого хэрэгтэй. Энэ олон жилийн түүхтэй улсын уралдааныг олон улсын хэмжээнд өргөн дэлгэр явуулдаг болох нь зүйтэй. Мэдээж мөнгө санхүү шаардагдана. Хамгийн гол нь бидний хичээл зүтгэл л шийднэ шүү дээ.

Тэргүүн байрын шагналт сурагч Э.Энхзаяа:

- Монгол бичиг миний багш шиг л санагддаг. Би яг одоо танай сайтаар дамжуулан надад уран бичлэгийг анх зааж сургасан Амгалан багш, өөрийн ах Баянманлай нарт талархал илэрхийлье.

-Бүтээлээ хийхэд хэр их хугацаа шаардсан бэ?

-Ер нь 24 цаг шаардагдсан. Нэг өдөр, нэг шөнө өөрийнхөө оюун ухааныг бүрэн дайчилсан.

-Урилга өгсөн сургуульд цаашдаа суралцах уу. Уг бүтээлээ заавал тэмцээнд зориулж хийгээгүй байх. Цаашид энэ чиглэлээр өөрийгөө илүү хөгжүүлж, суралцах болов уу?

-Тэгэлгүй яахав. Уран бичлэгт дуртай, монгол бичигт хайртай учраас өөрийгөө сорьж үзэхийн тулд тэмцээнд оролцсон. Бас эх бичгээ сурталчлах үйлсэд бага ч болов хувь нэмрээ оруулна гэж боддог. Цаашдаа урилга өгсөн сургуульд суралцах болно оо.

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан Сүхбаатар аймгийн Нэгдүгээр сургуулийн сурагч Ө.Ундармаа:

-Анх удаа энэ тэмцээнд оролцож байна уу?

-Би анх удаа тэмцээнд оролцож байна. Тэмцээний дүнг сонсоод л шууд наашаа яарсан.  Хүүхдүүдийн хийсэн бүтээлийг хараад монгол бичгээ улам их хайрлах, бахархах сэтгэл төрлөө.

- Өөрийнхөө мөрөөдлөөс уншигчтай хуваалцаач?

-Би Монголын хэл соёлд шинэ зүйл хийж бүтээсэн томоохон эрдэмтэн болно гэж боддог. Монгол бичгээ орчин цагийн кирилл үсгээс илүүтэйгээр олон нийт хэрэглэх боломжийг бүрдүүлж төр засгийн бүхий л үйл ажиллагааг энэхүү бичиг, үсгээр явуулдаг байх нөхцлийг ирээдүйд бүрдүүлэх юмсан гэж мөрөөддөг.

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН – 2016” УЛСЫН УРАЛДААНЫ НЭГДСЭН ДҮН

Нэг. 12 –Р АНГИЙН СУРАГЧ

Тэргүүн байр:

Э.Энхзаяа – СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12”о” ангийн сурагч

Е.Анужин – Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12”б” ангийн сурагч

Ү.Ундармаа – Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 12”в” ангийн сурагч

Ц.Бадамцэцэг – Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12”в” ангийн сурагч

Гутгаар байр:

Б.Сэргэлэн- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Арвис” сургуулийн 12”а” ангийн сурагч

Ц. Мэндбаяр – Баянхонгор аймгийн “Номундалай” сургуулийн 12”е” ангийн сурагч

Хоёр. УРАН БИЧЛЭГ

Тэргүүн байр:

-“Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Анхбаяр

Дэд байр.

- Нийслэлийн “Содон чимээ” сургалтын төвийн багш Ба.Алтантуяа

Гутгаар байр.

-Нийслэлийн “Гэгээрэл” сургуулийн багш Б.Ариунтуяа

Тусгай байр.

-Дорнод аймгийн Улсын тэргүүний тавдугаар дунд сургуулийн 11 “д” ангийн сурагч А.Энх–Учрал

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш  Ба.Анхбаяр

Гурав. БҮТЭЭЛ

Нэгдүгээр байр.

- СУИС-ийн багш Ба.Шаравнямбуу

Хоёрдугаар байр.

-Булган аймгийн Сэлэнгэ сумын  ЕБС-ийн монгол хэл уран зохиолын багш

Мо. Цэрэндэжид

Тусгай байр.

-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш Жа.Гэрэлмаа 

-Нийслэлийн Хан –Уул дүүргийн иргэн Б.Дашдэлэг

Дөрөв. МЭРГЭЖЛИЙН БАГШ

Нэгдүгээр байр.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал

Хоёрдугаар байр.

Хөгжим бүжгийн коллежийн багш Т.Цолмон

Гутгаар байр

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуулийн багш О.Оюунтунгалаг

Тусгай байр.

-Нийслэлийн 24-р сургуулийн багш Б.Пүрэвсүрэн

-Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Отгонсүрэн 

Тав. НАСАНД ХҮРЭГЧИД

Нэгдүгээр байр.

“Энержи ресурс” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын ажилтан С. Нямаа

Хоёрдугаар байр.

“Саманда бадра” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмч Ц.Есөн-Эрдэнэ

Гутгаар байр.

МУИС-ийн оюутан Мө.Буянхишиг

Тусгай байр. -Чөлөөт уран бүтээлч Э.Баасансүрэн

-Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р багийн ахмад настан Шарын

Нэргүй

Зургаа. САЙХАН БИЧИГТЭН АНГИ

Нэгдүгээр байр.

Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн 11”б” анги.

Бэлтгэсэн багш Б.Цэцэгмаа

Хоёрдугаар байр.

Булган аймгийн Рашаант сумын бүрэн дунд сургуулийн 8”а” анги.

Бэлтгэсэн багш Э.Энхзолбоо

Гутгаар байр.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний 1-р сургуулийн 9”в” анги.

Бэлтгэсэн багш Н.Энхтүвшин

Долоо. ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД /1 – 11-р ангийн сурагч /

Нэгдүгээр байр.

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 45-р сургуулийн 11”б” Х. Нандин- Эрдэнэ

-Нийслэлийн Налайх дүүргийн 119-р сургуулийн Б.Түвшинбат

Хоёрдугаар байр.

-Нийслэлийн Чингэлтэй 24-р сургуулийн 11 “б” ангийн сурагч Б. Өсөх -Эрдэнэ

-Увс аймгийн Улаангом сумын “Увс- Эрдэм” ахлах сургуулийн 10 “б” ангийн сурагч Б.Одонтунгалаг

Гутгаар байр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 11”б” ангийн сурагч Д. Содномдаш

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй Цай” сургуулийн 11 “б” ангийн сурагч А.Есүжин                            

Тусгай байр.

-Төв аймгийн Жаргалант  сумын ЕБС-ийн 11 “а” Г.Отгонцэцэг

-Нийслэлийн Хан –Уул дүүргийн  60-р сургуулийн 4”г ангийн сурагч Э. Тэмүүжин

Ш.Лувсанвандан багшийн сангийн нэрэмжит шагнал:

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн багш, сурагчдын хамтарсан баг

Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналаар

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөлийн технологийн багш Э. Буяндэлгэр

-50-р сургуулийн 10 “а” ангийн сурагч М.Жаргалмаа 

Жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагнал

-Нийслэлийн 1-р сургуулийн 4 “г” ангийн сурагч Д. Батмөнх

-Дархан- Уул аймгийн Оюуны Ирээдүй 11  “2” Б. Урандөл

Ч.Намчингийн нэрэмжит шагнал

 -Архангай аймгийн Хайрхан сумын 12 “б” ангийн сурагч Т.Лхагвабаатар, Б.Мөнх- Эрдэнэ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ