УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллаж байгаа тул тус үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтээ гаргасан байна. Иймд Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр өдрийн өмнө нь хуралдаж Д.Дэлгэрцогтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, нэр дэвшигч Ө.Энхтөрийг томилохыг дэмжсэн.
Нэр дэвшигч Ө.Энхтөр нь 1988 онд Цагдаагийн дээд сургууль, 2001 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, мөн аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1999 оноос Мөрдөн байцаах газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2007 оноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008 оноос Мөрдөн байцаах газрын дарга, 2012 оноос нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013 оноос Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.
Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул Д.Дэлгэрцогтыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо.