Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилов



УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Д.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. Төсвийн байнгын хороо хоёр өдрийн өмнөх хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцээд дэмжсэн юм.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, "Гарааны нөхцлөө сайн тодорхойлж байж ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Учир нь өнгөрсөн 4 жил манай улс маш их мөнгө зарцуулсан. Гэтэл үр дүн нь ямар байв гэдэг дээр олон түмэнд тайлагнах ёстой. Өнөөгийн хямралын гол алдаа нь сахилга хариуцлага алдсанд байгаа юм. Тиймээс аудитын байгууллагын удирдлага болж байгаагийн хувьд ажлынхаа эхний цэгээ зөв тодорхойлоход анхаараарай" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд олон нийтийн оролцоог хангадаг олон улсын жишгийг хэрэгжүүлж чадах уу. Зарим газрын төсөв 5000 дахин нэмэгдсэн байхад аудитын байгууллага хаана явсан юм бэ. Хөгжлийн банкны зээлийн 90 нь асуудалтай болсон байхад аудитын байгууллага хаана явсан юм бэ. Хариуцлага алдсан хүмүүс зүгээр ажлаа өгөөд явчихдаг байж болох уу" гэхэд нэр дэвшигч Д.Хүрэлбаатар аудитын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангаж ажиллана гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Төрийн өмчийн компаниудад хяналт тавихад анхаараарай. Аудит бол хөндлөнгийн хяналт. Гэтэл банкууд, ялангуяа Хөгжлийн банкны асуудлыг ялгаж салгаад ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгөх нь зүйтэй юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Өмнө байсан удирдлагууд ажлаа муу хийгээгүй. Хяналт тавиад гаргаж ирсэн дүгнэлтийг хэрэгжүүлээгүйд асуудлын учир шалтгаан байгаа юм. Тиймээс УИХ-ын байнгын хороодтой хамтарч ажиллахын сацуу гүйцэтгэлийн аудитыг тогтмол хийж байгаарай" гэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэхэд анхаараарай гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Санжмятав томилогдсон өдрөөсөө хуулиа барьж ажиллах хэрэгтэй хэмээн захьлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэгдүгээрт төсвийн эрх захирагч нарыг эрх мэдлээ хэтрүүлдэг жишгийг таслан зогсоох хэрэгтэй хэмээн анхааруулсан. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулав. Ингээд олонхийн саналаар А.Зангадыг Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж,  Д.Хүрэлбаатарыг тус албан тушаалд томилов.

Товч намтар:

Нэр дэвшигч Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ