Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.15/ хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн,шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцов.
Улсын Их Хурлын дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүнс, хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг чухал салбар болохыг онцоллоо. Түүнчлэн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Улсын Их Хурлаас хэд хэдэн хууль тогтоомж баталсан болохыг дурдсан. Мөн тэрээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд ногдуулах экспортын гаалийн татварыг хүчингүй болгосон нь малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын тулд малчны хот, тариан талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулан, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгон хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл болон малчид, тариаланчид, үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч Та бүхний хамтын ажиллагаа маш чухал юм” гэв.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатайгаар 11 дэх жилдээ зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд мөн Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочдын төлөөлөл оролцсон юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэ намар улсын хэмжээнд 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 46.4 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах урьдчилсан төлөвтэй байгааг танилцууллаа. Мөн 2015 оны мал тооллогын дүнгээр малын тоо 55.9 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 3.9 сая толгой буюу 7.9 хувиар өсч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авчээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэгцээг хангахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар онцгой үүрэгтэй болохыг Засгийн газар онцлон, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон зорилт тусгаад байгаа талаар П.Сэргэлэн сайд танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, жимс, жимсгэнэ, ногоо, мах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг малчны хот, тариан талбайгаас шууд хэрэглэгчийн гарт хүргэх сүлжээг бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа дуулгасан юм. Ингэснээр нийслэлийн 1.3 сая иргэн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах бололцоо бүрдэхийн зэрэгцээ малчин, тариаланч, ногоочдын орлого нэмэгдэх ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн.
Нээлтийн ёслолын төгсгөлд хүндэт зочид тууз хайчилж, зохион байгуулагчдын зүгээс энэ намрын ургацын дээж тариан түрүүг бэлэглэв.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, малчин, тариаланч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.