Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.14/ ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчтэй уулзан, танилцаж байгаадаа баяртай байна хэмээгээд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь хоёр улсын стратегийн түншлэлийн ач холбогдолтой байгууллага. Монгол Улсын тээврийн салбарт чухал байр суурь эзэлдэг. Энэ салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад санаачлагатай ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров УИХ-ын даргыг цаг гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, өнө эртнээс уламжлан ирсэн найрсаг харилцааг цаашид үргэжлүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л чадлаараа ажиллана гэв.
Уулзалтын үеэр талууд гурван улсын байгуулсан Эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар болон тогтвортой, таатай хууль эрх зүй, татварын орчныг бүрдүүлэх асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.