Ирэх онд 143 төсөлд 195 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ



НИЙТ 1866 ТӨСЛИЙН 3.7 ИХ НАЯДЫН ӨРТГӨӨС ЕРДӨӨ 
6.8 ХУВИЙГ ТӨСӨВТ ТУСГАЖЭЭ-

Ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн хөрөнгө оруулалтыг ердөө гурван хуудас материалаар эрэмбэлсэн нь анхаарал татав. Төсөл санаачлагчдын онцолсноор, 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтад нийт 1866 төсөл, арга хэмжээний 3.771.879.1 сая төгрөгийн санал ирүүлжээ. Саналыг нэгтгэхдээ 3.7 их наядын хэмжээг 259 тэрбум 126 сая төгрөг хүртэл бууруулж тусгасан байна. Тодруулж хэлбэл, нийт 1866 саналаас ердөө 182 нь дэмжигдэж, хуулинд тусгагдах виз өвөртөлсөн гэсэн үг.

Мөн хөрөнгө оруулалтын төсвийн хүрээнд концессын эргэн төлөлтөд 115 тэрбум, 405 сая төгрөг,Хөгжлийн банкны шугамаар 119 төсөлд 172 тэрбум, 794 сая төгрөгийн санхүүжилт тусгагдсан байна. Энэ тооцооллыг багцалбал, ирэх онд хэрэгжих шинэ төсөл болон өмнөх онуудын концессын гэрээ, Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд нийтдээ 547 тэрбум, 326.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт  хийгдэхээр  төлөвлөгджээ.

Эдийн засгийн хүндрэлээс үүдэн Сангийн яамнаас ирэх онд хөрөнгө оруулалтын шинэ төсөл, арга хэмжээг эхлүүлэхгүй байх үндсэн чиг барьж буйгаа удаа дараа тодотгосон. Тиймээс ч 3.7  их наядын өртөг бүхий төсөл арга хэмжээний саналаас ердөө 6.8 хувийг нь төсвийн тухай төсөлдөө оруулаад байгаа нь энэ юм.

Төсвийн тухай төслийг боловсруулах явцдаа шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй уялдуулан хойшлуулах, өмнөх жилүүдэд эхэлсэн боловч дуусаагүй орхигдсон ажлуудыг гүйцээн дуусгах, зайлшгүй жил бүр хийгддэг Боловсрол, Эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмж болон Улаанбаатар хотын аваарийн хэмжээнд байгаа дулааны гол магистраль шугамын засвар, шинэчлэлтийг тусгах гэсэн гол зарчим баримталсан юм байна.

-ОРОН НУТГУУДЫН СУРГУУЛЬ, ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН 
АЖЛУУДЫГ ДУУСГАХАД АНХААРЧЭЭ-

Дээр дурдсанчлан ирэх онд шинээр 182 төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг  төсвөөс санхүүжүүлнэ. Үүний зургаа нь эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн шугам сүлжээний урсгал зардал, шаардлагатай тоног төхөөрөмжид шаардагдах санхүүжилтийн хүрээнд 33 тэрбум, 550 сая төгрөгөөр төлөвлөгджээ. Мөн өмнөх онуудад хэрэгжиж эхлээд орхигдсон байсан 33 төслийн 30.569.0 сая төгрөг энэ жагсаалтад багтаж байгаа юм. Тэгэхээр ирэх онд 143 төсөлд 195 тэрбумын шинэ хөрөнгө оруулалтыг хийх тооцоо гарч буй юм.

Концесс, Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ төсөл арга хэмжээ огт хэрэгжихгүй. Эндээс үзэхэд, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын нийт 547 тэрбум, 326.7 сая төгрөгийн төсвийн  35.6 хувь нь цэвэр байдлаар шинэ төсөл, арга хэмжээнд зориулагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирэх онд царцсан барилгуудаа ашиглалтад оруулах, концессоор баригдсан  барилгуудынхаа төлбөрийг барагдуулахад чиглэлд түлхүү анхаарах чиглэлийг хууль  боловсруулагчдын зүгээс баримталжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараагдсан задаргаанаас харахад боловсрол, эрүүл мэндийн салбар дахь зарцсан барилгууд болон төсөвт өртөг нь дутуу объектуудыг ашиглалтад түлхүү оруулах аж. Тухайлбал, 2012 онд шав нь тавигдсан Архангайн аймгийн Төвшрүүлэх сумын сургуулийн барилга, 2009 онд эхэлсэн Хэнтийн аймгийн Биндэр сумын  сургууль зэрэг орон нутгийн  барилгын асуудлууд шийдэгдэхээр тусгагдсан байна. Эрүүл мэндийн салбарт л гэхэд 2012 оноос эхлүүлсэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн өргөтгөл, 2010 онд эхлүүлсэн Говь-Алтайн аймгийн Цээл сумын эмнэлгийн барилгыг дуусгахаар төлөвлөсөн байна.

Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжих эргэн төлөгдөх нөхцөлтэй ажлуудад 2014-2016 онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын чанартай ажлууд ихэвчлэн багтжээ. Тодруулбал, Ховд, булган,-Үенч, Ховд чиглэлийн 60 км замын ажлыг дуусгахад 5 тэрбум, 362 сая төгрөг, хорооллын доторх замын тохижилтод 621 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

Жилийн жилд төсөв хэлэлцэх үеэр өөрчлөх асуудал хүчтэй яригддаг сэдвүүдийн тэргүүн эгнээнд төсвийн хөрөнгө оруулалт бичигддэг. Энэ жилийн тухайд жижиг 76 тойрог бүр дээр гишүүд сумын барилгын завсар, тохижилтын асуудал хөндөгдөх нь тодорхой. Яг ийм эрсдлийг тооцоолж, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын ээлжит бус зарласнаас хойшхи хугацаанд гишүүдийг тойргийн бүсчилсэн байдлаар нь ангилан, саналыг нь сонссон тухай мэдээлэл явсан. Гишүүдийн санал бүр хуулийн төсөлд тусгагдаагүй ч эхний ээлжинд орон нутгийг анхаарсан байдлаар хөрөнгө оруулалтыг  төсөвлөсөн нь  харагдаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ