УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төсөлд Дотоодын цэргийг дахин байгуулах тухай асуудлыг тусгасан. Дотоодын цэрэг анх 1922 онд үүсгэн байгуулагдаж улсын онцгой объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг голчлон гүйцэтгэж ирсэн. Дотоодын цэрэг нь НАХЯ-ны Хилийн ба Дотоодын цэргийн удирдлагад, 1990 оноос 2014 онд татан буугдах хугацааг хүртэл цагдаагийн төв байгууллагын удирдлагад чиг үүргээ хэрэгжүүлж байсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Дотоодын цэргийг байгуулах нь зүйтэй. Төрийн чиг үүргийн давхцал хуулийн төсөлд нэлээн байна. Иймд дахин нягталж, ажлын хэсэг байгуулах шаардлагатай" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, "Хуулийн төслийг дэмжиж байна. Болж байсан тогтолцоог татан буулгаад хоёр жилийн дараа дахин байгуулахаар ярьж байна. Хууль самардаг алдааны тод жишээ нь энэ юм. Энэ самралт өртөг өндөртэй байлаа" гэсэн юм.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдож асуулт асууж, тайлбар авсаны дараа санал хураалт явуулахад олонх дэмжлээ.